Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Өөрийгөө шатаах гэж оролдсон иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ?
- Хоёр удаа ийм үйлдэл гарлаа. Эхнийх нь өчигдөр гарсан. Шалгаж үзэхэд би хувцсаа тайлсан учраас өөрийгөө осгохоос сэргийлж, бие рүүгээ спирт цацсан гэж мэдүүлсэн. Өнөөдрийн үйл явдлын талаар та бүхэн мэдээлэлтэй байгаа байх. Согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн иргэн бие дээрээ шатамхай төрлийн бодис асгасан. Цагдаагийн байгууллага болон жагсагч иргэд түргэн шуурхай ажилласны хүчинд тухайн иргэн өөрийгөө шатааж амжаагүй. Тухайн иргэнийг эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, дараагийн шатны байгууллагад шилжүүлсэн. Биед нь ямар нэг эрсдэл учраагүй.
- Жагсаалын үеэр хохирсон иргэд байгаа юу. Цагдаагийн алба хаагчид гэмтсэн талаар мэдээлэл бий?
- Жагсаал цуглаан тайван замаар эхэлсэн. Гэвч орой болоход жагсаалын зорилго өөрчлөгдөж, Төрийн ордон руу дайрч, хашааг нь эвдсэн. Мөн талбай дээрх гацуурыг шатааж, цагдаагийн байгууллагын алба хаагчид руу халдсан. Зарим жагсагчид чулуу болон гарын доорх бусад материалыг ашигласан. Энэ үеэр цагдаагийн 8 алба хаагч гэмтсэн. Нэг алба хаагч ноцтой бэртэж, хамрын яс нь хугарсан. Тухайн алба хаагч одоогоор Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт эмчлүүлж байна. Иргэдийн зүгээс гэмтсэн талаарх дуудлага мэдээлэл ирээгүй.
- Гадна, дотны байгууллагаас санхүүжсэн байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж байгаа тухай дурдлаа. Шалгалтаар тогтоогдсон зүйл байна уу?
- Жагсагч иргэдийн зүгээс ийм мэдээлэл ирсэн. Өнөөдөр гэхэд л гадаадын иргэд жагсагчдад хоол тараасан. Мөн цахим орчинд гадаадын иргэд цөөнгүй байгаа талаар мэдээлсээр байна. Ер нь жагсагчид Төрийн ордон руу дайрах, замын хөдөлгөөн хаах, морьтой жагсаал хийх, урт хэмжээний өнгөт лоозон барих, үсээ хусах, хувцсаа тайлах, нүцгэлэх, өөрийгөө шатаах гэх мэт үйлдлүүдийг гаргаж байна. Үүнийг цагдаагийн байгууллагын зүгээс өнгөт хувьсгалыг илэрхийлсэн бэлгэдэл ашиглаж байна гэж харж байна. Цагдаагийн байгууллага болон бусад хууль хүчний байгууллага үүн дээр анализ, дүгнэлт хийж байгаа. Сири, Ливи, Киргиз, Гүрж гэх мэт улсад өрнөсөн өнгөт хувьсгалын шинжийг агуулж байж болзошгүй гэдэг талаас нь шалгаж байна.
- Жагсаал эхэлсэнээс хойш ЦЕГ-аас ЭТТ компанийн хуучин удирдлагууд жагсаалыг зохион байгуулж байж болзошгүй талаар мэдээлсэн. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Шалгалтын үйл ажиллагаа хийгдэж байгаа.
- Сайн дураараа жагсагчдад хоол цайгаар үйлчилсэн иргэдийг жагсаал санхүүжүүлсэн гэх хэрэгт холбогдуулж байгаа талаар мэдээлэл гарсан. Мэдүүлэг авсан зүйл байгаа юу?
- Жагсаал өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ хугацаанд жагсагч иргэд хоол цайгаар тасраагүй. Гэхдээ үүнд цагдаагийн байгууллагаас иргэдийг дуудаж, байцаасан зүйл байхгүй.
- Жүжигчин Цогтбаяр жагсаал эхэлснээс хойш үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэвч дүүгийнх гэр рүү газ шахсан, хаалга дээр нь элдэв зүйл бичсэн. Өөрөөр хэлбэл ил заналхийлэлд өртөж буй. Цагдаагийн газраас эдгээр иргэдийг хамгаалах арга хэмжээ авах уу.
- Жүжигчин Цогтбаярын дүүгийнх нь гэрийн хаалга дээр янз бүрийн зүйл бичсэн. Газ цацсан гэх асуудал яригдсан. Энэ хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтын дүнг удахгүй танилцуулна. Тухайн иргэдийн зүгээс хамгаалалт хэрэгтэй байна гэж цагдаагийн байгууллагад хандвал бид хууль тогтоомжийнхоо дагуу зохих арга хэмжээг авна.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!