“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн Техникийн зөвлөн зохицуулах үндэсний багын төлөөлөл  /БОАЖЯ, БСҮХ, БЕГ, БОМСТ ТББ / болон Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн ахлах зохицуулагч нар өнгөрсөн хоёрдугаар сарын 8-16-ны өдрүүдэд Швед, Швейцар улс дахь Тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээрх мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан туршлага судалж, Женев хотноо "Ирээдүйн төлөөх боловсрол” сэдэвт олон улсын хамтын ажиллагааны форумд оролцоод иржээ.

Туршлага судлах багийнхан НҮБ-ын ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, Дэлхийн байгаль хамгаалах сан, Швейцарын хөгжлийн агентлагийн төв офисс зэрэг газарт албан уулзалт хийж, ШведынБЕГ, Швейцарын Кантоны Боловсролын сайд нарын зөвлөл, Education 21 ТББ зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцсан байна.

Тодруулбал Швед улсын Упсалагийн Их Сургуулийн санаачилгаар Герман, Белги улсын их сургуулиуд хамтран боловсролын сайн туршлага, сайн хичээлийн сангуудыг хамтран бүтээжээ. Боловсролоор тэргүүлэгч улс орнууд боловсролын сайн туршлага бүхий дэлхийн хэмжээний цахим санг их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш, ОН-ийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг бүтээдэг аж. 

Мөн Швед улсын Боловсролын Үндэсний Газрын үйл ажиллагаатай танилцаж, бүх хүүхэд, сурагчдад аюулгүй орчинд өндөр чанартай боловсрол, үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй олгоход чиглэж ажиллаж байгаа туршлагатай нь танилцжээ. 

ШХА-ийнХамтын ажиллагааны газрын Үндэсний төсөл, хөтөлбөр хариуцсан ахлах зохицуулагч А.ЗАЯАСАЙХАН:

- ШХА Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2015 оноос хойш хэрэгжүүлж байна. Төсөл 2 үе шаттай хэрэгжсэн. 1-р үе шатанд Тогтвортой хөгжлийн боловсролын интеграцийг боловсролын байгууллагад нэвтрүүлсэн бол 2 дугаар шатанд нь ТХБ гэж юу юм бэ, хэн, хэрхэн, яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. 6 аймаг 2 дүүрэгт хэрэгжих хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх эрхийг үндэсний байгууллагууддаа өгсөн. Харин менежментийг нь төслийн түшиц байгууллага болох БСҮХ удирддаг.
- ШХА-аас өмнө нь хэд хэдэн сургалтын аялал зохион байгуулж байсан. Энэ удаа олон улс, бүсийн нутгийн хэмжээний төрийн болон төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар туршлага судаллаа.
- Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн боловсролыг цэцэрлэг болон Ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд яригддаг. Гэтэл олон улсад Тогтвортой хөгжлийн боловсролыг их дээд сургуулиуд дээр хүртэл зааж байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн наснаас эхнээс их дээд сургууль төгсөх хүртэл бүх боловсролын тогтолцоондоо шингээж байна. Манай улс энэ тал дээр хоцрогдолтой явж байгаа нь үнэн. Тиймээс энэ төрлийн боловсролыг Их дээд сургуулийн сургалтын хэрхэн оруулах талаар нарийн судалгаа хийж, энэ тал дээр дорвитой алхам хийх шаардлагатай байна.

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал М.ИТГЭЛ:

- Швед улсын боловсролын байгууллагатай ойролцоо бүтэцтэй. Харин Швейцар улсын хувьд арай өөр, үндсэн дөрвөн хэл дээр сургалт нь явагддаг юм байна. Нэг онцолж харсан зүйл нь дээрх улсууд тогтвортой хөгжлийн боловсролыг их, дээд боловсролын сургуулиуддаа хүртэл олгож байна. Упсалагийн их сургууль гэхэд л тогтвортой хөгжлийн боловсролын нээлттэй хичээлийн санг байгуулсан нь дэлхийн хэмжээнд хүртэл хөгжсөн байна. Швед, Швейцар улсын боловсролын байгууллагууд сургалтын хөтөлбөрөө боловсруулахдаа эхлээд судалгаагаа хийдэг. Дараа нь тэрхүү судалгаа нь дээрээ суурилж сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг юм байна. Тэдгээр судалгаа болон сургалтын хөтөлбөрүүд нь тухайн платформд нээлттэй байдаг учир бид суралцахаас гадна өөрсдийнхөө туршлагыг хуваалцах боломжтой. Одоогоор тус платформд Герман, Швед Бельги зэрэг орны багш нар судалгааны бүтээл болон сургалтын хөтөлбөрөө хуваалцаж байна.

Боловсролын ерөнхий газрын багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р.ЗОЛЗАЯА:

- Дэлхий нийтийн боловсролын чанар, хүртээмжийн талаар хэлэлцсэн Олон улсын хамтын ажиллагааны форумд “ТХБ-II” төслийн үйл ажиллагаагаа танилцуулж, үзэсгэлэн гаргасан. Швейцарын Женев хотноо өнгөрсөн 2 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд болсон уг форумд дэлхийн 120 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхий нийтийн боловсролын хүртээмж, чанар, боловсролын хувирган өөрчлөлттэй холбоотой асуудлаар хэлэлцлээ.

Энэ үеэр боловсролын хөрөнгө оруулалтыг дан ганц төр даахаас илүү хувийн хэвшлийнхнийг түлхүү оролцуулах, эргээд тэдгээр ААН-үүддээтусалдаг байх шинэ санаачилгуудыг улс орнуудыг гаргахыг уриаллаа.

Мөн ирээдүйд зориулсан ур чадварт багш нарын хөгжлийн асуудал нэлээн хөндөгдөж байна. Багш нар арга хандлагаа өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг олон зүйл дээрээс харлаа. Өмнө нь багш нар бид юу заах ёстой вэ гэдгээ бодож төлөвлөдөг байсан бол одоо сурагчид маань юу хийж сурч байгаа вэ гэдэг дээр төвлөрдөг болсон байна. Өөрөөр хэлбэл багш нар заах арга хандлагаа зөвхөн өнөөдрөөр хязгаарлах болохооргүй болж. 2022 онд нэгдүгээр ангид орж байгаа хүүхэд 2034 онд 18 настай, бүрэн дунд боловсролтой иргэн болно. Тэр үед энэ сурагч хэрхэн амьдрах вэ гэдэг ур чадварыг бид одооноос зааж, суурь боловсролыг нь бэлдэх ёстой гэдэг дээр судалж, тооцоолж ажиллаж шаардлагатай болсон байна гэв.