Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй хэмээн 12 дугаар зүйлдээ тунхаглажээ.
Дэлхийн нийтээрээ дагаж мөрдөх уг баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж баталсан байдаг. Энэ Тунхаглал батлагдсанаар дэлхий дахинаа энх тайван тогтож, хүний эрхэд суурилсан хандлага түгээн дэлгэрэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар буй билээ.
Тэгвэл энэхүү Тунхаглалын үр нөлөө Монгол Улсад ямар байгаа талаар нэгэн эмэгтэйн амьдралын түүх, туршлагад түшиглэн хуваалцъя.
Түүнийг Б.Амгаланбаяр гэдэг. “Алтан өргөө” киноны Сүмбээгийн зочилдог мөсөн бүрхүүл бүхий шидэт агуй болох Дорноговь аймгийн Айраг суманд орших Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авах хүртэлх хүчин зүтгэлийг гаргасан эмэгтэй юм. Нийтлэлийн эхэнд дурьдсанаар түүний тэмцэл Хүний эрхийн түгээмэл Тунхаглалд заасан эрх болох орон байр, газар нутгийн халдашгүй байдал, өөрийн нэр төрд халдсан байдлын эсрэг үйлдлээс эхлэлтэй.
Тэрбээр тэмцлийн замаа эхлүүлэхдээ өөрт ирсэн бүхий л дарамт, шахалт, сүрдүүлгийн өмнөөс хүний эрх хамгаалагчийн хувиар хүчирхийллийн бус аргыг сонгож, төрийн бүхий л байгууллага, албан тушаалтнуудад хандах хэцүү бэрх замыг сонгосон байдаг. Ингээд түүхийн хуудсыг 2010 он руу эргүүлье.
2010 он Тухайн үед Цагаан дэлийн агуй орчимд уул уурхайн компаниуд тэсэлгээ, олборлолт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа хийж эхэлсэн байна. Үүний улмаас 20 гаруй өрхийн 100 орчим иргэн, 6000 гаруй мал уух ус, нутаг газар нутаг, малаа бэлчээх бэлчээргүй болсны улмаас 2019 оноос эхлэн нутгийн иргэдийг нутаг сэлгэх шахалт тал бүрээс үзүүлэх болж.
Цагаан дэлийн агуй нь Монголын хамгийн урт, хамгийн том агуй. Гэтэл тус агуйн орчимд жонш олборлох, баяжуулах 10 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий уул уурхайн гаднын компаниуд ажиллаж, тэдгээр нь зэрэг зэрэг тэсэлгээ, тээвэрлэлт хийснээр тус агуйн унаган тогтоц эвдэгдэн дарагдах аюул нүүрлээд байжээ.
Энэ талаараа тэрбээр ийн хэлсэн “Манай гэр өвөө, эмээгийн үеэс Цагаан дэл орчимд үе дамжин нутаглан амьдарч ирсэн. Ээж минь уул уурхайн компаниудын хууль бус үйл ажиллагаа, сөрөг нөлөөллийн талаар сум орон нутгийн удирдлага, холбогдох хүмүүст олон асуудлыг тавьж, өргөдөл гомдол гаргаж, нутаг орныхоо төлөө тэмцэгч байсан. Тэр үед “Ээж яах гэж ингэж явдаг байна, болимоор юм” гэж боддог байсансан. Ээж минь удаан тэмцсэний үр дүнд 2013-2015 онд уурхайн үйл ажиллагаагаа түр зогсоож чадсан. Харамсалтай нь, ээж минь 2016 онд зүрхний өвчнөөр, удалгүй мөн аав минь уул уурхайн компаниудын тэсэлгээний улмаас зүрх нь дэлсдэг болсны улмаас бие муудаж, ээжийн араас тэнгэрт дэвшсэн” Энэ үеэс л ээжийн минь тэмцэл хий хоосон зүйл биш байсан гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдсэн юм даа” гэсэн юм.
Б.Амгаланбаяр гуай орон нутгийн хэсэг бүлэг иргэдтэй нэгдэж, газар нутгаа хамгаалах санаачлагыг гаргаж эхэлсэн ч олборлогч компаниудын нөлөөнд зарим нэг нь автаж,түүний эсрэг нэр төрд нь халдах, гэр бүлийнхнийг нь сүрдүүлэх зэрэг үйлдэл гарах болжээ. Жил гаруй хугацаанд үргэлжилсэн дарамт, шахалтын улмаас түүний гэр бүл, үр хүүхэд, хамаатнууд “Эндээс нүүе” гэх болж. Гэвч тэр нүүхийг хүссэнгүй. Тиймдээ ч бууриа сахин үлдэх сонголт хийж. Ингэж явсаар нэг өдөр “Хил хязгааргүй алхам” ТББ-аас зохион байгуулсан сургалтад тэрбээр хамрагдаж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаагаа мэдэж, хууль эрх зүйн боломжийг эрэлхийлж эхэлжээ.
Улмаар 2019 оны 10 дугаар сард Ирландын Дублин хотноо болсон дэлхийн малчин, хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдийн чуулганд оролцож, эмэгтэйчүүд бид ямар их хүчтэй, эрх мэдэлтэй бизнесийн бүлэгтэй тэмцэж байгаагаа ойлгожээ.
Тэрбээр энэ талаараа “Зарим талаар эрсдэлтэй ч бид тэмцэхгүй бол ирээдүй үеийнхний эрх, эрх чөлөө, нүүдэлчин зан заншил, соёл уламжлалаа устах аюултай гэдгээ ойлгож авсан. Бид шантрахгүй, эрх ашгийнхаа төлөө сайн санаат хүмүүстэй нэгдэж хамгаалах нь чухал” гэсэн юм.
Түүний тэмцлийн талаар “Хил хязгааргүй алхам” ТББ-ын Тэргүүн Н.Баярсайхан “Газар нутгаа хамгаалахажил эхлүүлсэн ч замаасаа шантарч, зогсдог, улмаар буурь сэлгэн нүүдэг олон олон иргэний жишээг мэднэ. Харин Б.Амгаланбаяр бол тэгээгүй, үр дүнд хүртлээ өсөж төрсөн нутаг орныхоо төлөө зүтгэж, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэж чадсан хүн. Цагаан дэлийн агуйг эцэсээ хүртэл хамгаалсан үнэт зүйлтэй хүн.Тэр нутаг орноо хамгаалахын тулд ХЭҮК-ын даргад тулгамдаж байгаа асуудлыг бодитоор харуулж, танилцуулсан, дагаад үүнийхээ хүчээр олон нийтийн анхааралд оруулж чадсан эрх агуулагчаа тууштай хэрэгжүүлдэг хамтран зүтгэгч юм” гэж түүний тэмцлийг үнэлсэн.
Тэрбээр Цагаан дэлийн агуйг улсын тусгай хамгаалалтад авахуулахын тулд төрийн байгууллагын үүдийг олон удаа татсан.
Ингэхдээ Геоэкэологийн хүрээлэнгийн Агуй судлаачдыг Цагаан дэлийн агуйд ажиллуулан, 5093 га талбайг хамгаалалтад авах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргуулжээ. Ингэж л Монгол Улсын байгалийн нэгэн үзэсгэлэнт газар улсын тусгай хамгаалалтад багтах эхлэл тавигдсан юм.
Б.Амгаланбаярын нөхөр: Орон нутгийн хурал зөвөлгөөнд идэвхтэй оролцож, төрд дуу хоолойгоо хүргэхийн төлөө олон удаагийн дарамт, шахалтыг үл ажирдаг байсан нь их зориг юм даа. Би бол олон удаа ”Хаяаад явъя, хүүхдүүдээ бод, ийм дарамттай амьдрана гэж байхгүй” гэж ятгаад дийлээгүй. Эцсийг нь үзсэн түүнийхээ зоригоор бахархаж байна. Хүний эрх зөрчигдөж буйг бүгд л мэддэг, хардаг. Гэвч дуугардаг нь л цөөн. Тэдний нэг нь манай хүн. Мөнгө төгрөгтэй зарим нөхдүүд хөдөөний малчид биднийг мэдээлэлгүйгээр нь далимдуулна, зарим нэгнийг маань архидуулна, мөнгө төгрөг тараана гээд янз бүрээр аргалдаг байсан. Үүний эсрэг тэр маань тууштай сөрж, тэмцсэн. Яваандаа хэсэг бүлгээрээ ойлгодог болсон. Үр дүнд нь саахалт айлуудаараа нийлж хоршоо байгуулж, төр засагтаа хандсан.
Өөрийн болоод бусдын эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэж яваа олон зуун иргэн бидний эргэн тойронд бий. Б.Амгаланбаяр бол тэдний нэг юм.Нийтлэлийнхээ эхэнд тэрбээр тэмцлийнхээ явцад хүний эрх хамгаалагчийн тэмцлийг хүчирхийллийн бус аргаар хэрэгжүүлсэн гэдгийг тодотгосныг уншигч та анзаарсан байх.
Учрыг энд тайлбарлая.
УИХ-аас Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлснээр Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах үндэсний тогтолцоо бий болсон билээ.
Энэхүү хуулийг баталж, ХЭҮК-ын дэргэд Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн үндэсний механизм байгуулсан Ази тив дэх анхны улс нь Монгол Улс юм.
Эл хуулийн шинэчлэлээрээ Монгол Улс нь НҮБ болон бусад олон улсын байгууллага, цаашлаад дэлхийн олон улс орноос өндөр аваад байгаа юм.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар иргэн бүр хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон. Нэг үгээр хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэж яваа бүхнийг энэ хуулиар хамгаалах боломжтой.
Гэхдээ хүний эрх хамгаалагч нь ямар ч тохиолдолд бусдыг өдөөн турхирч, түрэмгийлэл, хүчирхийллийн арга сонгох ёсгүй. Тэгж чадвал хүний эрх хамгаалагч нь хуулийн хамгаалалтад “орох” бүрэн боломжтой гэсэн үг.
Б.Амгаланбаярын хувьд тэмцлээ хүчирхийллийн бус аргаар хэрэгжүүлж ирсэн учраас л өөрийн үйл хэргээ бусаддаа зөвөөр ойлгуулж дагаад бусдын дэмжлэгийг авч үйл хэргээ бүтээсэн гэхэд хилсдэхгүй биз ээ. Эндээс л хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохын тулд иргэд бид бүхэн хүчирхийллийн бус аргаар эвлэлдэн нэгдэж, тэмцэж чадвал хамгаалах хууль эрх зүйн орчин тодорхой хэмжээнд бүрдсэн гэдгийг харсан байх.
Тиймээс иргэд эрхээ хамгаалуулах нөхцөл боломжийн талаар ХЭҮК-оос жил бүр эрхлэн гаргадаг Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд дурьдагдсан нэгэн судалгааг иш татан танилцуулъя.
Хүний эрх хамгаалагчийн тухай судалгаанд 2000 гаруй оролцогчдын 67.49 хувь нь “хүний эрх хамгаалагчийн хувьд эрхээ хамгаалуулах нөхцөл боломжийн талаарх” мэдээлэл авахыг хүсэж байна гэжээ. Шүүгч, Шүүхийн захиргааны ажилтан, Хуульч, Өмгөөлөгч, Прокурор, Цагдаагийн алба хаагч, ШШГБ-ын алба хаагч, Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, Иргэний нийгмийн байгууллагуу, сэтгүүүлч, хүний эрх хамгаалагч иргэний төлөөллөөс дээрх судалгааг авсан байна.
Үүнд:
Нийтлэлч З.ЭНХБАЯР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна