Олон нийтийн болон хяналтын камерын хяналт сул газруудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ. Эдгээр холбоос нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хууль бус сурталчилгаа, борлуулалтын суваг байх өндөр эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Дээрх гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас холбогдох чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, эх сурвалжаас авсан мэдээлэл болон хяналтын камерын бичлэгт дүн шинжилгээ хийж, холбогдох этгээдүүдийг тогтоох, таслан зогсоох ажиллагааг явуулж байна.


Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад хууль бус QR код, бичиглэл, наалтыг нэн даруй арилгах, дахин байрлуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байх чиглэлээр мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэн урьдчилан сэргийлэх, мэдээлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. 


Иргэд Та бүхэн үл таних, сэжигтэй QR код, линкийг гар утсаараа уншуулахгүй байх, дээрх төрлийн наалт, бичиглэл харсан тохиолдолд цагдаагийн байгууллагын 102, Хар тамхитай тэмцэх албаны 11-16 дугаарт мэдэгдэж, хүүхэд, өсвөр үеийнхэнд энэ төрлийн эрсдэлийн талаар анхааруулан цахим хэрэглээнд хяналт тавихыг уриалж байна.


Иргэн таны өгсөн мэдээллийн нууцлалыг бүрэн хангах болно. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо чухал.