#Шууд: Мазаалайн олон улсын наадам болон мөсөн хотхоны талаар БОАЖЯ-наас мэдээлэл хийлээ.
Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг сэргээхээр Монгол Улсын Засгийн газраас тусгайлсан бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны үр дүнд 650 гаруй мянган жуулчин хүлээн авсан. Хэдийгээр 2019 оны жуулчдын тооны үзүүлэлтийг давсан ч Монгол орны газарзүйн байрлал, байгаль цаг уурын онцлогоос хамаараад жилийн тодорхой хугацаанд буюу өвлийн улиралд ирэх жуулчдын урсгал буурдаг.
Тиймээс БОАЖЯ-аас улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал “Мазаалай” олон улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас мөсөн хотхон байгуулж Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллаж байна.
Олон улсын цас мөсөн урлалын тэмцээнүүдэд монголын уран бүтээлчид үргэлж дээгүүр байр эзэлдэг. Эх орондоо бүтээлээ хийж, эх орныхоо болон уран бүтээлчдийнхээ нэрийг гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж байгаагаараа онцлогтой юм. Гиннесийн амжилт тогтоох бүтээл нь нэг дор 200 хүн гулгах боломжийг бий болгох мөсөн гулсуурыг уран бүтээлчид бий болгож байгаа юм.
Мазаалай мөсөн цогцолборыг бий болгосноор дотоодын амрагч иргэд, жуулчид өвлийн амралтаараа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ цагийг зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх, цаашид жил бүр хийж, тогтмолжуулснаар гадаадын жуулчид өвлийн улирлыг Монгол улсад л мэдрэх боломжийг бүрдүүлэх, уран бүтээлчдээ дэмжих арга хэмжээ болгон өргөжүүлнэ.
Мазаалай мөсөн хотхоны нээлтийг 01 дүгээр сарын 14-ний өдөр хийх бөгөөд олон төрлийн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна иргэдийн аюулгүй байдал, байгаль орчныг бохирдуулахгүй байх талаас бүрэн анхаарч ажиллах болно.







Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!