Онцгой байдлын байгууллага зудын гамшгийн эрсдэлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор бодит цагийн хяналт, мониторингийн системийг ашиглаж эхэлжээ.
Зайнаас тандан судлал болон газар зүйн мэдээллийн системд суурилсан уг систем нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд зудын аюул, эрсдэлийг бодит цагийн мэдээлэлд үндэслэн тооцоолох боломжтой юм. Ингэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний статистикийн хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллийн сантай уялдан ажилладаг байна.
Системийн тусламжтайгаар аймаг, сумын түвшинд зудын аюул, малчдын өртөх болон эмзэг байдал, орон нутгийн даван туулах чадавхыг тооцож, эрсдэлийн нэгдсэн үнэлгээ гаргах боломж бүрджээ. Мөн эрсдэлд илүү өртөж болзошгүй бүс нутаг, мал, малчдыг тодорхойлох замаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөх, шаардлагатай нөөцийг хуваарилах, шуурхай хариу арга хэмжээ авах болон шийдвэр гаргахад ашиглах юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!