ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ-1

Админ
2024/03/01

Ж.ЦЭЦЭГМАА

Доктор, (Sc.D) профессор
Их Засаг олон улсын их сургууль
I проректор

МАН-ЫН АНХДУГААР ИХ ХУРАЛ БА НАМЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН САХЪЯАГИЙН БАДАМЖАВ

Хураангуй: 1921 оны МАН-ын анхдугаар зөвлөгөөний үйл явц, хэлэлцсэн асуудлууд, хурлын төлөөлөгчид, хурлаас гарсан баримт бичиг, намын хэтийн бодлого, өмнөө тавьсан зорилт, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар бичсэн болно.

Түлхүүр үг: МАН-ын анхдугаар зөвлөгөөн, МАН-ын анхдугаар их хурал, түмэн олонд тунхаглан зарлах бичиг, МАН-ын анхны эмэгтэй гишүүн, намын Төв Хорооны дэргэд байгуулагдсан эмэгтэйчүүдийн тасаг.

Үндсэн хэсэг: МАН-ын түүхэн замналд онцгой байр эзэлдэг намын их хурлуудын нэг нь 1924 онд намын III их хурлаас намын анхдугаар их хурал гэж албан ёсоор нэрлэхээр тогтсон Хиагт хотноо 1921 оны гуравдугаар сарын 1-3-нд хуралдсан монголын хувьсгалчдын зөвлөгөөн юм.

Монголын хувьсгалчид Гэгээтэйн дацанд байрлаж, тэр орчимд намын их хурлыг хуралдуулахаар төлөвлөж, бэлтгэж байжээ. Хурлын бэлтгэл ажлыг хариуцсан С.Данзан 1921 оны эхээр Хатанбаатар ван, Дайчин вангийн хошуудаар явж, намын анхдугаар хурлыг нээж, аливаа тусламжийг хүлээн авах зэргээр хувьсгалын хэргийг чанартайгаар үүсгэх явдлыг харилцан хэлэлцэж байв. Монгол орны улс төрийн байдал түргэн өөрчлөгдөж хувьсгалын хэрэг бачим болсон тул намын их хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулах шаардлага гарч ардын журамт цэргийн анхны хороо салбар хил орчмын нутгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хурлыг нээхээр тогтож Дайчин ван, Эрдэнэ ван, Ахай гүнгийн хошуудад тусгай элч илгээжээ.

Ийнхүү 1921 оны 3 дугаар сарын 1-нд Оросын Дээд шивээ буюу Троицкосавск хотноо монгол ардын намын гишүүд журамт цэрэг ба зарим хошуудын төлөөлөгчид коминтерний Алс Дорно дахь хорооноос томилон гаргасан хүмүүсийн хамт Монголын хувьсгалчдын түүхт зөвлөгөөнийг нээжээ. МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд номд Дээд Шивээний газраа Бямбажавын байшинд нэгдүгээр хурлыг хуралдан Намын Төв Хороог сонгон байгуулсан гэж Г.Гэлэгсэнгэ бичжээ. Бямбажавын байшин гэдэг нь Б.Ринчен агсны эцгийн байшин юм. Г.Гэлэгсэнгэ хэдийгээр хуралд оролцоогүй боловч тухайн үед Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын алба хашиж Намын нэгдүгээр их хурлаас Намын Төв Хорооны гишүүнд сонгогдсон Ц.Дамбадорж, Д.Лосол нартай ойр ажиллаж байсан юм.

Үнэхээр энэ байшинд монголын хувьсгалчид байрлаж нууц хурал, зөвлөгөөн хийдэг байсан болохыг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын монголын хувьсгалчид 1920-1921 онд нууц хурал, зөвлөгөөн хийж байсан байшин гэсэн утгатай үсэг бүхий самбарыг байшингийн хананд хүндэтгэлтэйгээр байрлуулсан нь энэ байшин мөн гэдгийг нотолно. Мөн Хиагт хотод гамин цэрэг чөлөөтэй нэвтэрч, хот түгшүүртэй байсан тэр цагт ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын бүрэн эрхт төлөөлөгчийн, олны анхаарал татсан хотын төв дэх байшингаас хотын захад байрласан, хэрэг гарахад зугтаж зайлахад хялбар доороо нууц хонгилтой дээрх байшин нууц хурал зөвлөгөөн хийхэд илүү тохиромжтой найдвартай байсан нь ойлгомжтой.

Монголын хувьсгалчид хурлаа нээснийхээ дараа хуралд оролцогчдыг бүртгэж хурлын даргаар С.Данзан бичээчид Ц.Дамбадорж, Д.Дашзэвэг нарыг сонгон томилж хэлэлцэх хэргийг баталжээ. Үүнд: Нэгд: Тухайн цагийн байдлыг гаргаж хэргийг хэрхэн шийтгэвээс зохих ялыг хэлэлцэх Хоёрт: Ардын намын цэргийн бүх хэргийг ерөнхийлөн захирах газар байгуулах Гуравт: Энэхүү цэргийн ерөнхийлөн захирах газрын дүрмийн тухай Дөрөвт: Намын суртлыг ухуулан танилцуулах тухай хэлэлцэхээр тогтоожээ.

Эхний өдрийн хуралдаан: Үндэсний тусгаар тогтнолын тэмцэлд гадаад түшиглэл хувьсгалчдын баримтлах тактик зэрэг нэн чухал асуудлыг хөндсөн эл хэргийг хэлэлцэхэд хурлын төлөөлөгчид ихээхэн ач холбогдол өгч өргөн санал шүүмжлэл явуулжээ. Хуралд С.Данзан монголын хувьсгалчдын байр суурийг тодорхойлон дэлгэрэнгүй илтгэсэн байна. С.Данзан хэлсэн үгэндээ Нэгд: харьяат улсын доторх харгис самууныг устган хурааж өөрсдийн шашин суртал нутаг үндсээ ариутган хамгаалж тусгаар нэгэн улс болон тогтнох явдал монголын хувьсгалчдын тухайн үеийн гол зорилт мөн хэмээн тодорхойлжээ. Хоёрт: Барон Унгерний босгосон засгийн газар нь цаашид улс болон тогтнож чадахгүй бөгөөд Оросын цагаантнууд Монгол хязгаарт цөмрөн орж монгол орныг хятадын милитаристуудаас чөлөөлөхөд түр тусалсан байдаг. Алсдаа монголын дайсныг далдлахын тулд хэрхэвч нөхөрлөж үл болно гэж дүгнэжээ. Гуравт: Зөвлөлийн засагт Орос улсын үзэл бодлого нь олон түмэнд тус хүргэхээс өөр харшлах явдалгүй хэмээсэн нь туйлын үнэн тул түүнтэй нөхөрлөж эдүгээ ба эцсийн их хэргийг бүтээвээс сайн болно гэжээ. 

Дөрөвт: ЗОУ-ын Москва хотноо одож тусламжийн хэрэг хэлэлцэн гүйцэтгэсэн ажлын дүнгийн тухай мэдээлжээ. Энэ бүхнээс үзвэл хурлын дарга С.Данзан Барон Унгерн тэргүүтэй Оросын цагаантнууд Нийслэл Хүрээнээс Хятадын гамин цэргийг хөөн гаргаж Богдыг хаан ширээнд ёс төдий залж монголчуудыг өөртөө татан цэрэг дайны зорилгодоо ашиглах башир бодлого явуулж байсан нөхцөлд улс орны бий болсон байдалд зөв дүгнэлт хийж хувьсгалчдын баримталбал зохих байр суурийг оновчтой тодорхойлж чадсан байна. С.Данзаны хэлсэн үгтэй холбогдуулан хурлын төлөөлөгчид асуулт асууж санал бодлоо чөлөөтэй солилцон шүүн хэлэлцсээр шөнө дөл болсон тул уг асуудлыг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтож шөнийн 23 цагт завсарласнаар тухайн өдрийн хуралдаан өндөрлөжээ. Хуралдаанд Түшээт хан аймгаас Эрдэнэвангийн хошууны Билигсайхан, Дамдинсүрэн, Дашзэвэг, Зоригт вангийн хошуунаас Содномдаш, Дархан вангийн хошууны Равжаа, Сэцэн хан аймгаас Ёст бэйсийн хошууны Сүхбаатар, Зоригт бэйсийн хошууны Пунцаг, Сайн ноён хан аймгаас, Сүжигт бэйсийн хошууны Данзан, Сайн ноён ханы хошууны Осор, Засаг хан аймгаас Ахай бэйсийн хошууны Наваан, Их шавиас Эх дагинын отгийн Лосол, Гэсэр жавын отгийн Бадарчин, Манзширын отгийн Дамбадорж, Эрхмийн отгийн Лувсан мөн Буриад Жамсрангийн Цэвээн, Дашпилийн Цэдэн-Иш, Цэрэнгийн Баламсоо нарын 17 хүн оролцжээ.

Үргэлжлэл: http://tovch.mn/n/1ekw


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна