С.ЭНХБОЛД: Шүд хөтөлбөр зөвхөн иргэний амны хөндийг биш, улсын эрүүл мэндийг сахин хамгаалах хөтөлбөр

Админ
3 цаг 36 минутын өмнө

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдтой "Шүд хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. 

-Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр жил болсон байна. Энэ хугацаанд ямар үр дүн, бодит өөрчлөлтүүд гарсан бэ?

-Монгол Улс 3,4 сая хүн амтай. Гэтэл нийт хүн амынхаа өвчлөлийг ДЭМБ-ын гаргасан судалгаан дээр үндэслэж л ярьдаг байлаа. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн үндсэн дата, баттай нарийн судалгаагүйгээр гэсэн үг. Энэ бол асуудал. Ойрын 10 жилдээ эрүүл иргэдээс хэд нь ямар төрлийн өвчлөлд өртөх вэ, эрүүл гэж бодож яваа иргэдийн хэдэн хувь нь нууц үедээ, эхэн үедээ байна вэ гэдгийг ч бид нарийн тооцолохгүйгээр өдөр тутмынхаа өндөр ачаалалд нухлуулсаар л явах байлаа. Иймд Ерөнхий сайд руу бүх иргэнээ тогтмол урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулж, хэвшүүлэх хөтөлбөрийг хийх саналаа, тооцоо үндэслэлтэй нь танилцуулсан. Ерөнхий сайд маш хэрэгтэй ажил хэмээн дэмжиж, өөрөө манлайлан улс орон даяар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг эхлүүлэхэд томоохон дэмжлэгийг үзүүлсэн.

Үүний үр дүнд өнөөдөр эрт илрүүлэг хоёр насныхаа ой дээр нийт хүн амынхаа 40 хувийг үзлэг, оношлогоонд хамруулчихсан, эрт илэрсэн өвчин эмгэгийг эмчлэх шатанд нь цаг алдалгүй оруулчихсан, хүн амынхаа эрүүл мэнд, өвчлөлийн статистикийг төлөөлж чадахуйц BIG DATA-г бий болгочихоод сууж байна.

Энэ нүсэр ажлыг гардан гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарын 700 гаруй байгууллагын 5800 гаруй эмч, эмнэлгийн ажилчдын  хөдөлмөрийг онцолмоор байна. Эрт илрүүлэг үзлэгийн ачаар ирээдүйд иргэн хүндрээд орж ирэх биш эрт үед нь урьдчилан сэргийлэн, цаг алдалгүй эмчлүүлдэг байх дадал, амьдралын хэв маягийг суулгах чухал ач холбогдолтой.

-Өнөөдрийн байдлаар эрт илрүүлгийн тоон мэдээллийг харж байхад монголчууд ямар өвчлөлд нэн даруй анхаарах шаардлагатай харагдсан бэ?

-Өнөөдрийн байдлаар 1,4 сая орчим иргэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад явж байна. Өвчлөлийн статистикийг дүн шинжилгээ хийхэд Монголд хүүхдийн шүдний өвчлөл маш өндөр гарсан. Эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны гурван хүүхэд тутмын хоёрт нь нэгнээс дээш шүд цоорсон байна. Үүний гол шалтгаан нь эрүүл амьдралын хэв маяг, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах зэрэг орно. Хүүхдийн шүдийг анхаарахгүй бол чих, хамар, хоолойн болон амь насанд аюултай эрүү, нүүрний үрэвсэлт өвчний шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийг суурь өвчин, амьсгалын замын өвчлөлд хүргэх дам шалтгаан болдог.

Япон Улс зүрх судасны өвчлөлөөр дэлхийд хамгийн бага эхний гурван орны нэг. Шүд зүрх хоёр ямар холбоотой вэ гэхээр судалгаагаар шүдний эрүүл мэнд, буйлны өвчин, амны хөндийн бактерийн халдвар нь зүрхний өвчин тусах эрсдэлтэй холбоотой болох нь батлагдсан. Тиймээс шүдний өвчлөлийг өвчин гэж үзэж, багаас нь зөв дадлыг бий болгох нь хамгийн чухал.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” хөтөлбөрийг эхлүүлээд байна. Шүд хөтөлбөр нь зөвхөн иргэний амны хөндийг биш, улсын эрүүл мэндийн сахин хамгаалах хөтөлбөр юм шүү дээ.

-Өмнө нь Шүд нэртэй олон төсөл хэрэгжүүлж байсан ч тэгсгээд л намжчихдаг тохиолдол олон. Энэ удаагийн төслийн онцлог нь юу бол?

-Яг үр дүнгүй гэж хэлэх нь бас өрөөсгөл. Учир нь Засгийн газраас өмнө нь шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих,  шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд нийт зургаан зорилтыг дэвшүүлж, үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлэх ажлууд хийх бөгөөд ингэснээр шүд цоорох эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.

Япон улсад 1970 онд “80 насандаа 20 шүдтэй байх” гэсэн нэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ ажиллагааны үр дүнд 2017 оны байдлаар нийт хүн амын 51.2 хувь нь уг зорилгодоо хүрсэн гэсэн судалгаа гарсан. Бидэнд тийм хугацаа ч шаардагдаж магадгүй. Гэхдээ энэ ажлыг эхлүүлэх нь өөрөө маш том ажил гэж харж байгаа.

-Хөдөө орон нутгийн иргэд шүдний эмчилгээ, үйлчилгээг авахад маш хүндрэлтэй байгаа талаар их дурддаг. Орон нутгийн иргэдэд шүдний эмчилгээ, үйлчилгээ хэрхэн хүрэх вэ?

-Шүдний эмнэлгийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Хөдөө, орон нутагт шүдний эмчийн хүрэлцээ бага, шүдний кабинет дутагдалтай байгаа нь үнэн. Тиймээс ЭМЯ-аас шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг 25 мянган төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхэлсэн.

Үүнээс гадна шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60 мянган төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90 мянган төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авах боломжтой болсон юм. Эхнээсээ орон нутагт эмнэлэг ажиллуулах хүсэлтүүд ирж байна. Энэ бол нааштай үр дүн. Үүнээс гадна хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарч ажиллаж байна.

-Шүдээ эрүүл байлгахын тулд хамгийн эхэнд хийх алхам юу вэ?

-Шүдээ тогтмол угаах, үр хүүхдүүддээ угаах хэвшлийг бий болгох нь шүд эрүүл байх хамгийн гол үндэс. Би хүүхдийнхээ жишээг ярих дуртай. Манай хүүхэд одоо найман настай. Бага байхаас нь шүдний эрүүл мэндэд маш их анхаарсан учраас өнөөдөр миний хүүхдийн нэг ч шүд нь цоороогүй ясан шүд нь ургаж эхэлсэн.

Гэтэл зарим орон нутгийн иргэд шүд цооролтыг өвчин гэж үзэхгүй байна, хүүхдийнхээ шүдийг тогтмол угаалгахгүй байна. Энэ бол маш буруу хандлага. Эрүүл мэндээ хайхрахгүй байгаагийн нэг том илрэл. Бид энэ хандлагыг өөрчилж чадвал шүдний өвчлөлөөс цаашлаад эрүүл биеийг, эрүүл ирээдүйг бүтээж чадна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна