“Монголын зэс корпораци”-н гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Монголыг эдийн засгийн форум болж байгаатай холбогдуулан сүүлийн үеийн чухал асуудлууд дээр тодруулга авлаа.
Монголын зэс корпораци"-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин:
-Эдийн засгийн чуулган болж байна.Чуулганд оролцогчид бизнес эрхлэх орчны тухай ихээр асууж байна. Монголд бизнесийн чөлөөт байдал, төрийн оролцоо ямар байна вэ гэдэг хамгийн чухал. Үүнийг юугаар үнэлдэг вэ гэхээр дотоодын бизнес эрхлэгчдийн амьдрал дээр үндэслэн дүгнэдэг. Бизнес эрхлэх орчин хүндэрсэн, төрийн оролцоо хэтэрсэн гэдэг нь аж ахуйн нэгжүүдийн бодит байдал дээр харагдаж байна.
Эрдэнэтийн 49 хувийн маргаан
Энэ маргаан 2016 оноос хойш найман жил үргэлжилж байна. Эдийн засаг амаргүй байна гэдэг нь хэнд ч илт. Харин энэ нөхцөлд төрийн оролцоо зохих хэмжээнээсээ хэд дахин нэмэгдсэн. 2016 онд УИХ-ын тогтоолоор Эрдэнэтийн 49 хувийг төрд авснаас хойш төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүд олширсон. Энэ нь хувийн хэвшлийг шахаж, төрийн оролцоог нэмэгдүүлсэн. Манай асуудал долоон жилийн турш мөрдөн шалгагдаж, гурван жил шүүх дээр гацсан хэвээр байна.
Бид Монгол Улсаас үндсэн төлбөрт 200 гаруй сая ам.долларын авлагатай. Үүн дээр хүү, алданги, хохирлыг нэмбэл нийт 500 сая ам.доллар давна. Энэ бол цэвэр эдийн засгийн хохирол. Үүн дээр бизнесийн нэр хүнд, олон жилийн хөдөлмөр гээд өөр зүйлийг ч тооцох ёстой. Харамсалтай нь шийдвэр гаргаж чадахгүй, дүлэгнэж байгаа байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байна.
Бид 2016 онд ОХУ-аас хоёр үндэсний үйлдвэрийн 49 хувийг өөрсдийн хөрөнгөөрөө худалдаж авсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалт орсон гэдгийг хэн ч нотолж чадаагүй. Харин энэ үйлдвэрүүд одоо төрд 100 хувь шилжиж, ашигтай ажиллаж байна. Гэтэл анх хөрөнгө гаргасан бид хохирсоор үлдлээ. Бид Эрдэнэтийн 49 хувийг буцааж авах гээгүй. Зөвхөн учруулсан хохирлоо барагдуулахыг хүсэж байна.
Манай асуудалтай холбоотой олон хүн шалгагдсан. Зарим нь гадагшаа гарсан, зарим нь Монголд байж л байна. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байна. Дөрөв, таван хэргийг нэгтгээд багцалчихсан. Ч.Сайханбилэг гэдэг хүн Монголд ирж байж хэргээ шийдүүлэх ёстой. Тэр хүнгүйгээр намайг яллах үндэслэл байхгүй.
"Халзан бүрэгтэй" төслийн удирдагч: “Газрын дээрх бодит байдал, төрийн шийдвэр хоёр огт зөрж байна”
"Халзан бүрэгтэй" төслийн удирдагчаар сүүлийн таван гаруй жил ажиллаж байна. 2020 оноос хойш эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, дараа нь урьдчилсан ТЭЗҮ (Технико-Эдийн Засгийн Үндэслэл)-ийг хийлгэсэн. Эдгээр нь бүгд олон улсын стандарт, тухайлбал Канад болон Австралийн уул уурхайн хүлээн зөвшөөрөгдсөн шалгуураар хийгдэж байгаа. Энэ жил эцсийн ТЭЗҮ боловсруулах шатандаа орж байна. Маш их хэмжээний хөрөнгө оруулалт татагдаж байгаа, уул уурхай, хайгуулын чиглэлээр Монголын хувьд нэлээд томоохон төсөлд тооцогдоно.
Эдийн засгийн форум дээр яригдаж буй гол сэдвүүдийн нэг нь ашигт малтмал, тэр дундаа стратегийн ордууд буюу зэс, алт, газрын ховор элементүүдийн ашиглалт, хөрөнгө оруулалт байлаа. "Халзан бүрэгтэй” төсөл бол энэ жагсаалтад багтахуйц ач холбогдолтой төсөл. Гэхдээ газар дээр бодитоор болж буй нөхцөл байдал, Улаанбаатарт гарч буй шийдвэр хоёр нь тэс өөр байна.
2024 оны 5-р сард хайгуулын ажлын үеэр иргэд ирж, манай талбай дээрх байр сууцыг маань буулгасан. Мөн өнгөрсөн 11-р сард дахин ийм явдал болсон. Энэ нь зөвхөн эд хөрөнгө, ажил зогссон гэхээс гадна маш их хэмжээний хохирол учирч байгаа. Хамгийн харамсалтай нь, ийм үйл явдлын дараа төрөөс ямар ч тодорхой арга хэмжээ авч байсангүй. Манай төсөл хууль ёсны зөвшөөрөлтэй, олон улсын хөрөнгө оруулагчтай, шат дараалсан бүх үйл явцын дагуу явж байгаа ч, төрийн оролцоо, хамгаалалт дутмаг байгаагаас болж хохирол амсаж байна.
Хамгийн гол нь хууль ёсны төслүүдийг төр бодлогоор дэмжих, хамгаалах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулалт татна гэж ярьж байгаа ч, газар дээрээ ийм зөрчил, хохирол учраад байвал хэн ч Монголд хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Төсөл, компани бүр өөрийн хөрөнгөөр, олон улсын түвшний стандарт хангасан ТЭЗҮ, судалгаа хийж байхад хамгаалах механизм үгүйлэгдэж байна. Үүнийг бодлогын түвшинд нэн даруй шийдвэрлэх шаардлагатай.
“Алт-3” аяны талаар хөрөнгө оруулагчдын байр суурь
"Алт-3" аяныг үндсэн ордоо нэмэхгүйгээр үр дүнтэй хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь одоогийн олборлож байгаа ордуудын нөөц дууссан. Түүнээс хөрөнгө оруулагчид биднийг маш их сонирхож байгаа.
“Алт-3” аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд заавал шинэ үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Учир нь одоо ашиглаж байгаа шороон ордуудын нөөц барагдчихсан. Хэрвээ ингэхгүй бол энэ хөтөлбөр үр ашиггүй болох эрсдэлтэй. Үүнийг мэдсээр байж шийдвэр гаргахгүй байх нь эдийн засгийн хохирол дагуулах магадлалтай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.125
хулгайч нар нүхнээсээ гарч ирж гоё юм яриад л байна даа
Хариулах