Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Дамдинням багтан ажиллаж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын нийт 12 баримт бичигт гарын үсэг зуржээ. 

Тодруулбал, Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. Иймд нийлүүлэлтийн тогтвортой байдал нь геополитикийн нөхцөл байдал, бүс нутгийн эрсдэлээс шууд хамааралтай хэвээр байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаа, нийлүүлэлтийн саатал нь шатахууны дотоодын үнэд шууд нөлөөлж буйг салбарынхан онцолж ирсэн.

Энэ нөхцөлд импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улсаас газрын тос нийлүүлэх, хайгуул, олборлолт, боловсруулах салбарын туршлага дээр тулгуурлан хамтран ажиллах асуудлыг талууд хэлэлцэв. Дор хаяж нэг сая тонн түүхий тос нийлүүлэх боломжийг судлахаар болсон бөгөөд Казахстаны компаниудыг Монгол Улсад хайгуулын үйл ажиллагаанд оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр харилцан тохиролцлоо.

Түүнчлэн цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Казахстан Улс нь ураны нөөц, олборлолтоороо дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг туршлагатай орон бөгөөд цөмийн аюулгүй ажиллагааны тогтолцоо, стандартын чиглэлээр олон улсын жишигт нийцсэн системтэй.

Хамтын ажиллагааны хүрээнд мэргэжилтэн бэлтгэх, салбарын эрх зүйн орчин, аюулгүй ажиллагааны стандартыг судлах, хөрөнгө оруулалтын боломжийг шинжлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болов.

Төрийн айлчлалын үр дүнд эрчим хүч, уул уурхайн стратегийн салбар дахь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, импортын хамаарлыг бууруулах, эрсдэлийг төрөлжүүлэх чиглэлд бодит алхмууд эхэлж байгааг албаныхан онцолж байна.