Улаанбаатар хотын автозамын ачаалал, төвлөрлийн хэт өндөр байдал нь нийслэлийн хөгжлийг хойш татаж буй гол хүчин зүйлсийн нэг. Үүнийг шийдвэрлэх зорилготойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Нэгдүгээр шинэ тойрог зам” төслийн тухай УИХ-д танилцуулагдсан даруйд олон нийтийн дунд зарим ташаа ойлголт, дутуу харьцуулалт түгж эхэлсэн нь анзаарагдаж байна.

Гэхдээ энэ бол зүгээр нэг замын төсөл биш нийслэлийн ирээдүйг тодорхойлох интеграцчилсан хөгжлийн зангилаа юм.

Тойрог зам гэдэг бол зөвхөн асфальт биш

“Зам тавина” гэхээр олон нийт замын өргөн, уртыг харьцуулан шууд дүгнэх хандлагатай байдаг. Гэвч Нэгдүгээр шинэ тойрог зам нь энгийн авто зам биш. Техникийн үндсэн үзүүлэлтийг харахад:

  • Нийт урт: 26.7 км
  • Үүнээс:
    • 14.89 км – хатуу хучилттай хурдны зам
    • 8.92 км – дан болон давхар гүүрэн байгууламж
    • 2.08 км – газар доогуурх туннель
  • 6 эгнээтэй хурдны зам, 8 байршилд олон түвшний уулзвар
  • Тооцоот хурд: 80–100 км/цаг

Зөвхөн эдгээр хэмжээсийг харахад ч энэ бол олон улсын стандартад нийцсэн, урт хугацааны стратегийн дэд бүтэц болох нь илэрхий.

918 сая ам.долларын үнэ цэнийг зөв ойлгох нь

Зарим иргэдийн дунд “замын өртөг хэт өндөр байна” гэх шүүмжлэл явж байгаа ч энэ нь бүтээн байгуулалтын агуулгыг бүрэн ойлгоогүйгээс үүдэлтэй.

918 сая ам.доллар гэдэгт:

  • Зураг төсөл
  • Байгаль орчин, нийгмийн үнэлгээ
  • Инженерийн дэд бүтцийн шинэчлэл
  • Нүүлгэн шилжүүлэлт, газар чөлөөлөлт
  • Техникийн хяналт, барилгын ажлууд бүгд багтаж байгаа.

Үүгээр зогсохгүй, тус зам нь гүүрэн байгууламж, туннель, олон түвшний огтлолцол бүхий уулзваруудтай. Энэ утгаараа ердийн нэг шулуун замын өртөгтэй харьцуулах нь огт үндэслэлгүй юм.

Энэхүү тойрог зам нь зөвхөн автомашины хөдөлгөөнийг зохицуулах бус, байгаль орчны болон нийгмийн талаасаа ч олон давуу талтай:

  • Тоосжилт 239 дахин буурна
  • Ногоон байгууламж 16.6 дахин нэмэгдэнэ
  • Дуу чимээний бохирдол 25.9 дахин буурна
  • Хог тээвэрлэлт 6.7 дахин нэмэгдэнэ
  • Зам тээврийн ослын хохирол 50%-иар буурна
  • Жилийн эдийн засгийн үр өгөөж 74.8 сая ам.доллар хүрнэ

Өөрөөр хэлбэл, энэ бол зам тавихаас гадна амьдрах орчин, агаар, хөрс, хөдөлгөөн, аюулгүй байдал, эдийн засгийн өгөөжийг цогцоор нь сайжруулах суурь хөрөнгө оруулалт юм.

Сүүлийн үед нийгмийн сүлжээнд “Олимпийн гүүр 147 тэрбум, харин энэ зам 918 сая ам.доллар гэж үү?” гэх байдлаар шууд өртгийн харьцуулалт хийж, эргэлзээ үүсгэж байна.

Гэвч энд анхаарах зүйл бол:

  • Олимпийн гүүр нь 1 км хүрэхгүй урттай, тусдаа байгууламж
  • Туулын хурдны зам ч олон гүүртэй ч дан ганц замын бүтэцтэй
  • Харин Нэгдүгээр шинэ тойрог зам бол гүүр, туннель, уулзвар, дагалдах инженерийн шугам, экосистемийн өөрчлөлт, бүс хоорондын холболт зэрэг нийлмэл бүтцүүдтэй.

Иймд энэ төслийг бусадтай харьцуулан шүүмжлэхээсээ илүүтэй бүтцийг ойлгож, үнэлж хандах нь иргэний хариуцлагатай байр суурь юм.

Бодлогын түвшинд зөв, нийгмийн түвшинд ойлгомжтой төсөл хэрэгтэй

Тус төсөл өнөөдрийг хүртэл:

  • Зам, тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөлөөр хэлэлцэгдсэн
  • Үндэсний аудит, Сангийн яам, ЭЗХЯ, Хот байгуулалт зэрэг байгууллагуудаас санал, дүгнэлт авч баталгаажсан
  • Засгийн газрын хуралдаанаар өрийн баталгаа гаргуулах шийдвэр гарсан
  • Улмаар УИХ-д танилцуулагдаж, Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудал болсон.

Энэ нь тухайн бүтээн байгуулалт шийдвэр гаргах түвшинд хангалттай нягтлан судлагдсан, олон талт хамтын ажиллагаанд суурилсан гэдгийг харуулж байна.

Нэгдүгээр шинэ тойрог зам бол зүгээр нэг "зам" биш. Энэ бол нийслэлийн төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг холбох, Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн тулгуур бүтээн байгуулалт юм. Өртөг өндөр байгаа нь энэ төслийн цар хүрээ, нарийн нийлмэл бүтцийг илтгэж байгаа болохоос хэт үргүй зардал гэсэн үг биш.

Иймд бид улстөржсөн харьцуулалт бус, нэгдсэн хөгжлийн бодлого, дэд бүтцийн цогц шийдлээр асуудалд хандах шаардлагатай байна. Хэрвээ энэ зам баригдсанаар гэрээсээ 20-хон минутад ажил, сургууль, эмнэлэг хүрдэг Улаанбаатар бий болох юм бол — энэ бол Монгол Улсад хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт юм.