Г.Занданшатар О.Цогтгэрэлд 7 сайдын суудал, хувийн бизнесүүдийг нь засгаас дэмжинэ гэж амласан уу?

Сэтгүүлч
2025/10/08

МАН-ын даргын сунгаа саяхан болж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Г.Занданшатарыг илт давуугаар ялсан. Гэтэл манай Ерөнхий сайд ялагдсаныхаа дараахнаас л УИХ-ын  чуулганыг “бойкотлох” тактикаа хэрэгжүүлж эхлэв. Г.Занданшатарын хөлсөлсөн гол хүн нь АН-ын дарга О.Цогтгэрэл байсан нь олон хүний нүдийг ёстой л орой дээр нь гаргачихлаа. 

Г.Занданшатарыг ялагдсаны дараахнаас  АН-ын дарга О.Цогтгэрэл Д.Амарбаясгалан руу илэрхий дайрч, УИХ-ын даргыг “Та хуулийн байгууллагаар өөрийгөө шалгуул, танаар хурал даргалуулахгүй” гэх мэт мэдэгдэл хийж эхэлсэн юм. Хамгийн гайхалтай нь О.Цогтгэрэл УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэр гараагүй байхад АН-ын гишүүдийг чуулганы танхимаас авч гарахын тулд илтэд дарамталсан мэдэгдэл хийснийг монголчууд бултаараа харсан. Мань эр  “Та нар намынхаа дээд байгууллагын шийдвэрийг дэмжихгүй гэвэл суугаад үлдэж  болно шүү” гээд чуулганы танхимыг орхиход намынх нь шошготой гишүүд арга буюу даган гарч буйг чуулганы видео тэмдэглэлээс харчихаж болно. УИХ дахь АН-ын бүлэг албан ёсны мэдэгдэл, шийдвэр гаргаагүй байхад намынхаа гишүүдийг ийн “бойкотолж” дагуулж гарсан О.Цогтгэрэлийн үйлдлийн цаана ямар эрх ашиг нуугдаж байна вэ? 

МАН-ын дотоод зодоонд улайран оролцсон АН-ын даргын энэ үйлдлийн цаад шалтгаан юу байв  гэх мэт асуултад хариу хайя. Одоогоор мэдэгдэж буй үнэн гэвэл О.Цогтгэрэл АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг дагаж буйгаа ил тод мэдэгдчихсэн. Улс төрийн зөвлөл гээчид нь Монголын хамгийн том гэгддэг компанийн төлөө илт үйлчилдэг гэх С.Баярцогт гол үүрэгтэй ажилладаг. С.Баярцогтын гэсэн шошготой Жудагийн Баярмаа өнөөх том компанийн төлөөх ямар ч тэмцэлдээнд оройлсон үүрэгтэй оролцдог гээд бодохоор О.Цогтгэрэл Монголын төрд авлига, тендерийн аалзны тор нэхчихсэн олноо танигдсан өнөөх нэгэн компанийн төлөө ил тод үйлчлээд эхэлчихэж. Сүүлийн хэдэн сонгуульд АН өөдийн нар хараагүй.  МАН л шил дараалласан ялалтын эзэн болж байв. УИХ-ын 2024 оны сонгуульд гэхэд Л.Оюун-Эрдэнэ нэр цэвэр залуу улстөрчдийг листэд жагсааж байж МАН-ыг парламентын сонгуульд ялуулж байлаа.

 Шил дараалласан ялагдлынхаа дараа АН одоо л өндийх нь гэсэн таамаг О.Цогтгэрэлийг АН-ын  дарга болох үед хөвөрч байсан ч олны энэ итгэл тийм ч удаан үргэлжилсэнгүй. Ахиад онцлоход АН-ын дарга О.Цогтгэрэл анхны улстөрөө Г.Занданшатарыг цээжээрээ хамгаалахаас эхэлчихлээ. Г.Занданшатарын цаана Ухаа худагийг “хөшигний цаадах хятад эзэн”-дээ авч үлдэх санаархал бий гэдгийг хэрсүү монголчууд хэдийнэ ойлгочихсон. Ийм хүний төлөө, өнөөх том компанийн төлөө илтэд зүтгэсэн О.Цогтгэрэлийн үйлдэл АН-ын гишүүдийг зэвүү дургүйг зэрэг хүргэж эхэллээ. МАН-ын дотоод зодоонд АН  ингэж илэрхий, хүч түрэмгийлэн орж ирсэнд хамгийн ихээр гайхаж буй хүмүүс бол АН-ынхан. МАН-ын гишүүд ч О.Цогтгэрэлийн энэ үйлдэлд гайхаж цочирдож байна. Ард түмний хувьд ч О.Цогтгэрэлийн энэ үйлдэл төсөөлөлд нь багтах нүүдэл байсангүй. Гэхдээ учир мэдэх хүмүүсийн хувьд наашлаад О.Цогтгэрэл, цаашлаад АН өнөөх том компанийн халаасанд хэдийнэ багтсаныг аль хэзээний олоод харчихсан байж.

 Тийм учраас л өмнө засгийг огцруулахад гар, бие оролцсон Жудагийн Баярмааг өнөөх компанийн төлөөллийн хүн гэж цоллож байв. О.Цогтгэрэлийг төрийн үйл ажиллагааг самардаг хувийн том компанид илтэд үйлчилж буй улстөр ил тод болоод ирэнгүүт Монгол Улсын баатар Э.Бат-Үүл   “Сөрөг хүчний удирдагч гэдгээ ойлго О.Цогтгэрэл ээ. МАН-ын дэмжиж тэнэгтэх чинь муухай харагдаж байна” гэж захиж байна. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Сөрөг хүчнийг бодоод байх юм байхгүй. Ерөнхий сайдыг огцруул гэвэл шууд огцруулна шүү дээ. Угаасаа онол нь энэ. Нам нь өөрсдөө унагаая гэж бгаа Ерөнхий сайдыг бид хамгаалж яах юм” хэмээн  адарлаа. Төрийн ордоны тамхины цэгийн шинэ мэдээллийг хуваалцахад, Г.Занданшатар намын даргын сунгаанд ялагдсаныхаа дараа О.Цогтгэрэлтэй нууц уулзалт хийж, түүнд долоон сайдын суудал амласан гэх мэдээлэл сошиал орчинд хөвөрч байна. 

Мөн түүний хэрэгжүүлж буй   хувийн бизнесийнх нь том төслүүдийг засгаас дэмжинэ гэсэн амлалт өгсөн тухай хачин жигтэй мэдээлэл ч сонсогдож байна. Мөн АН-ын Улс төрийн зөвлөлд багтдаг С.Баярцогт Ц.Элбэгдорж нарт ч Г.Занданшатар том төсөл, албан тушаал өгөхөөр амласан уу гэх сураг чих дэлслээ. Ингээд харахаар О.Цогтгэрэлийн улстөрийн цаад санаа тодорхой болчихож байна. Эцэст нь дүгнэхэд АН-ын дарга О.Цогтгэрэл Монгол төрийг өөрийн дэглэсэн сценараараа самарч байгаа Монголын хамгийн том компанийн төлөөний хүн бас болж таарлаа. О.Цогтгэрэл бол улстөрийн намын лидер биш жирийн л нэг наймаачин нөхөр юм байна. Түүнд АН-ын дарга гэх албан тушаал хэтэрхий томдож байна. Тэр бизнесмэн, лидер биш зүгээр л нэг наймаачин юм байна.

Тийм учраас л ардчиллын туг, үнэ цэн болсон АН-ын нэр хүндийг улс орон даяар шороотой нь хутгачихлаа гэж учир мэдэх улс гасалж байна. Ингэж хувийнха бизнесийн төслүүдийг Монгол төрд чухал үүрэгтэй том  намын эрх ашгийн өмнө тавьж байгаа  нь олон хүний дургүйцэл эгдүүцлийг хүргэж байна. О.Цогтгэрэл мөнгөтэй, сүйхээтэй бизнесмэн байж болох ч үндэсний хэмжээний намын нэр хүндээр  наймаа хийж болохгүй. Мань эрд АН-ын арай гэж сэргэж буй нэр хүндийг шороотой хутгах эрх бүр ч байхгүй. О.Цогтгэрэлийн Г.Занданшатарыг “налсан” улстөр цааш үргэлжилбэл АН 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдах нь хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гарах шиг тодорхой үнэн. АН-аа аваръя гэвэл яг одоо том компанийн халааснаас гар, О.Цогтгэрэл ээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.186.231
    2025/10/08

    Шааниз Хошного Сайт ????????

    Хариулах