Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлийн чанартай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг уриалах зорилгоор “Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарын өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн хувцас, гутал, нэхмэл, сүлжмэл, арьс ширэн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд танилцуулав.
Мөн дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давуу тал, чанар, загварын шийдлийг таниулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Мөн үндэсний үйлдвэрлэгч “Нэгүн” брэнд, “Хаган” брэнд, “Хадаан Гармент”, “Найн Спорт”, “Мөнх Уран Урлан”, “Абизи” брэндийн хүүхдийн хувцасны загварыг 130 сургуулийн 2 дугаар ангийн сурагчид өмсөн, загварын үзүүлбэр толилуулсан.
Хүүхдийн загварын үзүүлбэрээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, загвар дизайны шийдлийг хүүхэд, эцэг эх, олон нийтэд сурталчлан таниулж, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх соёлыг төлөвшүүлэхийг зорьсон юм. Одоогийн байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт 353 үйлдвэр, 1,769 цех үйл ажиллагаа явуулж, нийт 45,800 хүнийг ажлын байраар хангаж байна.
Салбарын нийт үйлдвэрлэл 2.1 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс хамгийн олон ажиллах хүчийг оёдлын салбар (15,500 хүн), дараа нь ноос, ноолуурын салбар (10,055 хүн) эзэлж байна. 2025 онд салбарын нийт үйлдвэрлэл 1,689.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 8 хувиар өссөн. Тавилгаас бусад мод, модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл 50.9 хувиар өсч хамгийн өндөр өсөлт үзүүлсэн бол хэвлэх, дуу бичлэгийг хувилах үйлдвэрлэл 10.1 хувиар буурсан байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд самнасан ноолуурын экспорт огцом өссөн.
2024 онд 707.3 тонн, 69.2 сая ам.доллар байсан бол 2025 онд 4,001.9 тонн, 330.5 сая ам.доллар болж, тоо хэмжээгээрээ 5.6 дахин, үнийн дүнгээрээ 4.7 дахин өссөн байна. Түүнчлэн хөдөлгөөний хүрээнд 2025 онд нийт 509.0 тэрбум төгрөгийн зээл олгогдож, 2026 онд одоогийн байдлаар 324.9 тэрбум төгрөг олгогдоод байна. Үүний үр дүнд ноолуур ээрэх хүчин чадал 2,978 тонн, сүлжих хүчин чадал 5,293 мянган ширхэгт, арьс ширний гүн боловсруулах хүчин чадал 5.7 сая ширхэгт тус тус хүрчээ.
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ нь үндэсний үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй нь холбох, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, загвар дизайныг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглэгчийн сонголтыг үндэсний үйлдвэрлэлд чиглүүлэх олон төрлийн арга хэмжээгээр энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!