Монгол Улсын хилээр их хэмжээний зэрлэг бөхөнгийн эвэр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг хууль хяналтын байгууллагууд хамтран илрүүлжээ.

Тодруулбал, ОХУ-аас Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 3260 ширхэг буюу 700 орчим килограмм жинтэй зэрлэг бөхөнгийн эврийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна.

Одоогоор цагдаагийн байгууллага хил, гаалийн байгууллагын алба хаагчидтай хамтран уг хэргийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Зэрлэг бөхөнгийн эврийн хууль бус худалдаа нь олон улсын хэмжээнд зохион байгуулалттайгаар явагддаг байгаль орчны эсрэг гэмт хэргийн нэг хэлбэрт тооцогддог. Тухайлбал, уламжлалт эмчилгээний зах зээл дэх эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор Төв болон Дундад Азийн орнуудаас Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнууд руу бөхөнгийн эвэр хууль бусаар зөөвөрлөгдөх тохиолдол бүртгэгдсээр байна.

Хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, гэм буруутай этгээдүүдийг тогтоох ажиллагаа үргэлжилж байна.