Монголын говийн элсэн хязгаарт дэлхийд ганцхан үлдсэн баавгайн төрөл — Мазаалай амьдардаг. Энэ амьтныг анх 1920-иод онд Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон бол  1943 онд Оросын судлаачид Алтайн өвөр говьд хүрэн баавгайн өвөрмөц нэгэн дэд зүйлийг илрүүлснээр “Мазаалай” хэмээх нэр албан ёсоор шинжлэх ухаанд оржээ.

Мезойн эрийн эхэн үеэс хэлбэршин тогтсон Алтайн өвөр говь нь дэлхийн хамгийн хуурай, халуун бүсийн нэг. Зуны халуунд хөрс 70 хэм хүрч, хур тунадас маш бага унадаг.  Гэвч энэ ширүүн орчинд унаган төрхөөрөө хадгалагдсан баянбүрд, булаг шанд, ховор ургамал амьтдын өвөрмөц цогцолбор оршдог бөгөөд энд л Мазаалайн бүл амьдардаг.

Тэд ердөө 51үүлээ. Монгол улсын улаан номд бичигдэж, дэлхийн нэн ховордсон амьтны тэргүүлэх 10-ын жагсаалтад багтсан энэ амьтныг зөвхөн Монголд л харж болно. Монголчууд бүтэн 6 сарын турш генетикийн шинжилгээгээр судалсны эцэст  Мазаалайг бие даасан дэд зүйл, зөвхөн Монголд амьдардаг гэдгийг 2012 онд тогтоосон нь том дэвшил байлаа.

Мазаалай баянбүрд, булаг устай газрыг бараадан байршиж,  Говь-Алтай, Баянхонгор аймгийн 5 сумдын нутаг Аж Богд, Ээж хайрхан, Захуй, Зармангийн говь, Эдрэнгийн нуруу, Тост, Нэмэх дуул, Цагаан богд, Сэгс цагаан богд, Шинэжинст зэрэг Төв Азийн цөлийн бүс дэх хахир хатуу нөхцөлд дасан зохицож, бэрхийг давж, бэрхшээлийг туулан амьдарч буй.  

Нийт  45,000 км2 талбайд сэлгэн нутаглах бөгөөд Эвш буюу эм мазаалай дунджаар 514 км², харин эр мазаалай 2400 гаруй км² нутаг эзэмшин идэш тэжээлээ даган нүүдэллэдэг байна.

60 хоног усгүй явж чадах Их говийн тэнхээт тэмээн адил Мазаалай ус ховор ургамал тачир говь цөлд харангадчихгүйхэн амьдарч чадаж байгаа нь  тэдний дасан зохицох гайхам чадварыг илтгэнэ. Гэвч ийм тэсвэртэй амьтан ч амьдрах орчин нь устах аваас дахин сэргэх боломжгүй.

Усгүй говийн хүнд хэцүүг сөрөн амьдрахын төлөө тэмцэж яваа амьтанд монголчуудын хийх ёстой хамгийн том тус бол амьдрах орчныг нь хамгаалах ажил юм.

1953 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалай баавгай агнахыг хориглож дархан цаазтай болгон, Монгол Улсын “Улаан ном”-д бүртгэсэн бол 1975 онд тархац нутгийг нь бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авчээ.

Дэлхийд ганцхан Мазаалайг устаж мөхөхөөс урьдчилан сэргийлэхэд Мазаалайн эх орон болохын хувьд Монгол улс хамгаалалтын бодлогыг өндөр түвшинд  анхаарч, шинэ шийдэл гарцыг хэрэгжүүлэх шаардлагатай болов.

Энэ бүхнийг Монгол Улсын Төрийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх олж харж, Мазаалай баавгайг хамгаалах цогц бодлогыг эхлүүлсэн нь Үндэсний  хөтөлбөрт тусгалаа олсон юм. 2022 онд “Мазаалай хамгаалах үндэсний хөтөлбөр” батлагдаж, олон жилийн тасралтгүй шат дараатай ажлуудыг төлөвлөн цогц байдлаар эрчимжүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү цогц ажил нь зөвхөн мазаалайг хамгаалах бус Төв Азийн цөлийн эко системийн үндсэн загвар болсон Говийн их дархан газар, Алтайн өвөр говийн байгаль орчныг бүхэлд нь хамгаалах төрийн том бодлого юм.

Дэлхийд ганцхан үлдсэн энэ амьтан бол зөвхөн Монголын баялаг биш, хүн төрөлхтний үнэт өв юм.

Тиймээс “Мазаалайн эх орон” Монгол улсын хувьд ховор амьтныг харж хамгаалах том үүрэг хариуцлагыг дэлхийн хүн төрөлхтний өмнө хүлээгээд байна.

Тиймээс цаг үеэ олсон Ерөнхийлөгчийн санаачилгад хүн бүрийн оролцоо, ухамсар чухал бөгөөд сэтгэл нэгдэж, зүтгэл нэмэрлэх учиртай.