С.Авирмэд “Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү, нөөцийн 2-3 тэрбум лав Цанхид байгаа

Сэтгүүлч
2025/11/18

“Тавантолгойн цагаан толгой” нэртэй, гурван бүлэгтэй, 448 нүүр бүхий зузаан товхимол хэвлэгдэн гарсан байна. Ерөнхий сайд асан С.Баяр Тавантолгойн нөөцийн 94 хувийг төрд буцаан авсан, баялгийн өгөөжийг дийлэнх нь ард түмэнд оногдох талаар, “Энержи ресурс” компанийн төлсөн татвар, өгөөжийн баримт, мэдээллийг эмхэтгэн хэвлүүлжээ.

Тавантолгойн тусгай зөвшөөрлийг төрд шилжүүлсэн холбогдох гэрээ, тухайн үеийн баримтууд, тухай бүрд шинэчилж байсан ТЭЗҮ, Уулын ажлын тайлан, Геологи хайгуулын тайлан, Татварын тайлан гээд “Энержи Ресурс” компани, Ухаа худагийн ордтой холбоотой өнгөрөн 20 орчим жилийн бүх баримт мэдээллийг багтаасан байна. Тавантолгойн ордыг хэзээ стратегийн орд болгосон, Тавантолгойн ордын тусгай зөвшөөрлүүдийг төрд шилжүүлэхтэй холбоотой Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн талаарх баримтууд, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэл, хэлэлцээний явцыг УИХ-аар хэлэлцсэн тэмдэглэл гээд бүхий л баримтуудыг багтаасан байна. 

Тавантолгойн "өрөм" хэсгийг хувийн хэвшилд өгсөн гэх тухайд 

ОАЭ-д “Ухаа худагийн нэгж талбайд ногдох нийт болон баттай нөөц нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нэгж талбайн нөөцөөс их, үр ашиг өндөр, бага зардлаар олборлолт хийж болох талбайг “Энержи Ресурс” ХХК-д үлдээсэн гэсэн дүгнэлт хийж. Чингэхдээ уурхайн салбарт урьд өмнө нь дуулдаагүй, огт хэрэглэж байгаагүй тооцооллын аргачлалд үндэслэн ОАЭ-д буй “шинжилгээ” гэх хэсэгт дүгнэлтээ оруулсан байна. Энэ хэсэгт оруулсан харьцуулалт, тайлбар, дүгнэлтүүд нь илт мушгин гуйвуулсан шинжтэй, хэт мэргэжлийн бус байна гэдгийг “Тавантолгойн цагаантолгой” эмхэтгэлд дурджээ.

2008 оны гэрээ байгуулахаас өмнө “Энержи Ресурс” ХХК Тавантолгой орд газарт нийт 71482.3 га талбай бүхий 6 тусгай зөвшөөрөлтэй байснаас 68.522 га талбайг нь буюу 96 хувийг нь төрийн мэдэлд шилжүүлж авсан. Энэ нь хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулж буй 2960 га-аас 23 дахин том юм. Нөөцийн тухайд 2008 оны гэрээг байгуулах үеийн байдлаар Тавантолгойн ордод нийт 6.4 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогдсон байсны 6 тэрбум тонн нүүрстэй хэсгийг нь төрийн мэдэлд авсан байна.

Тавантолгой ордыг тухайн үед Баруун өмнөд, Бор толгой, Зүүн, Ухаа худаг, Цанхийн хэсэгт хуваадаг байсан. Эдгээрээс хамгийн их нөөцтэй, үндсэн цөм хэсэг нь Цанхийн хэсэг. Мөн Тавантолгой ордын нүүрс дотроо “коксжих” чанартай нүүрсний хамгийн их нөөцтэй бөгөөд олборлоход таатай хэсэг нь мөн л төрийн эзэмшилд авсан Цанхийн хэсэг.

 Иймээс Цанхи бол Тавантолгой орд газрын “өрөм” гэдгийг мэргэжлийн хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ тухай геологич доктор, профессор С.Авирмэд “Тавантолгойн гол хэсэг нь Цанхи. Бүх нөөцийн дийлэнх нь тэнд байгаа байх шүү. Нөөцийн 2-3 тэрбум лав Цанхид байгаа. Тэгээд коксжих нүүрсний ихэнх хувь тэнд байгаа. Өрөм хэсэг гэж хэлж болно” гэжээ.   

2008 онд гэрээ байгуулах үед Ухаа худагийн хэсэгт тооцсон байсан 411.5 сая тонн нүүрсний нөөц нь B, C1, C2, P зэрэглэлийн түвшинд л судлагдсан, A зэрэглэлийн судалгаа хийгдээгүй байжээ. Харин төрийн мэдэлд авсан Цанхи болон орд газрын өмнөд хэсэгт 1984 оны байдлаар A, B, C1, C2 зэрэглэлээр 1.5 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоож байсан байна.

Өөрөөр хэлбэл, нөөц тогтоосон зэрэглэлээр нь авч үзвэл Тавантолгойн бүлэг ордын хүрээнд зөвхөн Цанхийн хэсгийг илүү нарийвчилсан А зэрэглэлийн түвшинд судалж, А зэрэглэлийн нөөц бодогдсон байжээ. Товчхондоо бол хэр их судалгаа хийнэ, тэр чинээгээр баттай А нөөцийн хэмжээ нэмэгддэг юм байна.

“Таван толгойн цагаан толгой" баримтын эмхтгэлээс иш татав… (хуудас 25-28)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна