Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дөрөвдүгээр багийн нутагт өчигдөр буюу наймдугаар сарын 19-ний өглөө автомашинд мөргүүлсэн иргэн амиа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, тус сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн Богд уулын модны ам гэх газарт “том хар тэрэгтэй хүн мал хариулж байсан хүнийг мөргөөд зугтсан” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 06:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна.

Шалгалтаар тус багт оршин суух 32 настай Э.О-г марк, улсын дугаар нь тодорхойгүй хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй хүн мөргөж, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан нь тогтоогджээ.

Цагдаагийн байгууллагаас хэргийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор шуурхай ажиллагаа явуулж, уг хэрэгт холбогдуулан гадаад улсын хоёр иргэнийг саатуулсан байна.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд цахим орчинд тархсан “араб иргэд үйлдсэн” гэх мэдээллийг албан ёсоор шалгаж байгаа аж.