МЭНДЧИЛГЭЭ
Наймдугаар сарын 25-ны өдөр бол Монголын залуучуудын ууган байгууллага- Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл 1921 онд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр анх үүсэн байгуулагдсан өдөр. МХЗЭ нь XX Зуунд улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, шинэ Монгол улсыг сэргээн хөгжүүлэх, орчин цагийн хөдөө аж ахуй, аж үйлдвэржүүлэлтийн эх суурийг тавьж бүтээн байгуулах, ард түмнээ соён гэгээрүүлэх, залуу үеийнхнийг хүн төрөлхтний дэвшилт үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх үйлст онцгой үүрэг гүйцэтгэж Монгол төрийн зургаан Одонгоор шагнагдаж ирснийг өнөө үеийн залуус ч мэдэх учиртай.
Энэ жил МХЗЭ үүсч хөгжсний 105 жилийн ой, 1991 онд түүний суурин дээр үүсгэн байгуулагдсан, албан ёсны залгамжлагч Монголын Залуучуудын Холбооны 35 жилийн ой давхцаж буйгаараа онцлогтой. 105, 35 жилийн Ойн баярын энэ өдрүүдэд НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцийн Талуудын Бага Хурал - СОР17 Монгол Улсад зохион байгуулагдаж, хүн төрөлхтний өмнө тулгамдсан амин чухал асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Монголын залуу хойч үеийнхэн, МЗХ ч идэвхтэй, манлайлан оролцож байна.
Ардчилсан, хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэж буй өнөөгийн Монголын нийгэмд Монголын Залуучуудын Холбоо (МЗХ) зохих байр сууриа эзэлж, Монголын залуучуудын өөрийн гэсэн өнгө төрхтэй төрийн бус байгууллагын нэг болон төлөвшиж байгааг энэхүү хүмүүнлэг үйлсээс харж болно. МХЗЭ, МЗХ-ны үе үеийн ажилтнууд, мянга мянган гишүүд, дэмжигчид болон нийт залуучууддаа Монгол улсад Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 105, МЗХ-ны 35 жилийн ойн мэндийг хүргэж, улс орноо хөгжүүлэх, төр, засгийн бодлогод идэвхтэй тус дэм болж, гар бие оролцож ирсэн түүхэн уламжлалаа хадгалж, амьдралд улам эрч хүчтэй байж, их үйлс бүтээхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монголын залуучуудын сүр хүч улам бадартугай!
Монголын Хувьсгалт Залуучуудын Монголын Залуучуудын Холбооны Эвлэлийн Ахмад ажилтны холбооны тэргүүн, ОББЭЭ, Доктор Б.Энхмандах
Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч Б.Бэлгүтэй








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!