Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, инфляцыг нам, тогтвортой түвшинд хадгалах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулахын тулд Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолж буй. Энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулаад буй бөгөөд УИХ-ын холбогдох байнгын хороо, гишүүдтэй хамтарч, энэ хаврын чуулганд багтаан өргөн барьж, батлуулахаар төлөвлөж буй юм.   Хуулийн өөрчлөлтөөр гурван гол асуудлыг хөнджээ. Үүнээс нэн тэргүүнд Монголбанкны үндсэн зорилтыг тодорхой болгох асуудал байгаа аж. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулиар Монголбанкны үндсэн зорилтыг “Үндэсний мөнгөн тэмдэгт-Төгрөгийн тогтвортой байдлыг хангах” хэмээн томъёолсон. Энэ нь төв банканд үнийн тогтвортой байдлаас гадна ханшийн тогтвортой байдлыг давхар хариуцуулах, хоёр утгыг илэрхийлж, бодлогын тууштай байдлыг алдагдуулж, валютын ханшийг төв банк хариуцах ёстой гэх өрөөсгөл ойлголтыг олон нийтэд өгч ирсэн гэдгийг судлаачид онцолдог. Иймд хуулийн өөрчлөлтөөр Төв банкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн тодотгож, нэг талд гаргах нь чухал байгаа аж.  Түүнчлэн хуулийн өөрчлөлтөөр төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах, Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх зорилгоор Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг жил бүрийн зургаадугаар сарын 10-ны дотор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулдаг байх зохицуулалтыг тусгаад байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дараах гурван зүйлийг тусгах аж. Үүнд:   1.Дараагийн гурван жилд баримтлах инфляцын зорилтот түвшин.    2.Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар илэрхийлсэн төсвийн зарлагын дээд хязгаар   3.Төв банкны өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх Засгийн газрын тусгай үнэт цаасны хэмжээ.  Эдгээр гурван үзүүлэлт нь нэг баримт бичигт тусгагдсанаар төсөв, мөнгөний бодлогын уялдаа, эрх зүйн хувьд баталгаажих юм.