Монгол Улсын Засгийн газраас алтны олборлолтыг нэмэгдүүлэх, экспортын орлогыг өсгөх зорилтын хүрээнд Гацуурт болон Эрээн-Баавгайт алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр уг төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд танилцуулсан байна.

Монгол Улсад бүртгэгдсэн алтны нөөц 494.3 тонн байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Монголбанканд тушаах алтны хэмжээ буурчээ. Тухайлбал, 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн алт тушаасан бол 2026 оны эхний таван сарын алтны экспорт өмнөх оны мөн үеэс 27 хувиар буурч, 2.5 тонн болсон байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны ордыг ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй бөгөөд нийт 52.8 тонн алтны нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж үзжээ.

Тогтоолын төсөлд ордын талбайтай давхцаж буй хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасах, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, орон нутгийн иргэдийн оролцоог хангах арга хэмжээг тусгасан байна.

Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жилд 4 тонн хүртэл алт Монголбанканд тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой гэж тооцжээ. Мөн төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх урьдчилсан тооцоо гаргасан байна.

Харин Эрээн-Баавгайт ордыг ашигласнаар жил бүр 1 тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын орлого бүрдүүлэх, Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзжээ.

Хоёр төслийг хэрэгжүүлснээр Монголбанканд жил бүр нийт 5 тонн орчим алт тушаах, экспортын орлого, валютын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна.