Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн 7 дугаар багийн нутаг дахь ашигт малтмалын ашиглалтын MV-000362 тусгай зөвшөөрөлтэй талбайд “нэр бүхий” ХХК элс угаах зориулалтын төхөөрөмж суурилуулан олборлолтын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчид 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр илрүүллээ.
Хяналт шалгалтаар тус компани нь ус ашиглахтай холбоотой хуульд заасан дүгнэлт, гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан нь тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу үйл ажиллагааг нь хойшлуулшгүйгээр зогсоож, прокурорын тогтоолоор уг арга хэмжээг хүчинтэйд тооцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна.
Мөн GPS төхөөрөмжөөр байршлын хэмжилт хийж, ArcGIS программд тулган шалгахад элс угаах төхөөрөмж нь MV-000362 тусгай зөвшөөрлийн талбайн гадна байрлаж байсан нь тогтоогджээ. Иймээс гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэн холбогдох материалыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналын хамт прокурорт хүргүүлэхээр ажиллаж байна.
Иймд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд ус ашиглахтай холбоотой зөвшөөрөл, гэрээ, дүгнэлтийг хуульд заасны дагуу бүрэн бүрдүүлж, зөвхөн тусгай зөвшөөрлийн хүчинтэй талбайн хил хязгаарт үйл ажиллагаа явуулахыг анхааруулж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!