Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамж, нөөцийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, АҮЭБ-ын сайд Г.Дамдинням БНСУ-д ажиллаж, онгоцны дизель түлш нийлүүлэх асуудлаар тохиролцоонд хүрчээ. Мөн БНХАУ-аас 6,000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр болсон бөгөөд ачилт маргаашаас эхлэх юм.

Онгоцны түлшний хувьд БНХАУ-аас нийт 3,000 тонн нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд эхний ээлжийн 1,000 тонн нь маргааш Монгол Улсад орж ирэхээр байна.

Шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлын тухайд аймгийн төвүүдэд түгээлт хэвийн үргэлжилж байгаа бол зарим суманд шатахуун түр тасалдаад байгаа аж. Харин нийслэлд “Петровис” ХХК-ийн нөөц буурсан, “Шунхлай” болон “Тэс Петролиум” ХХК нөөцдөө хязгаарлалт тогтоон шатахуун түгээж байгаа талаар мэдээллээ. Нөөцийг нэмэгдүүлэх ажил маргаашаас эхэлснээр хомсдол буурна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 15 хоногийн хэрэглээг хангах 31,000 тонн, дизель түлшний 20 хоногийн хэрэглээг хангах 80,000 тонн нөөц байгаа аж.

Мөн ОХУ-аас авах шатахууны захиалгаа өнгөрсөн сарын хэмжээнээс нэмэгдүүлэн баталгаажуулсан бөгөөд шатахууны улсын нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөхөөр ажиллаж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам онцоллоо.