Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Туул голын дагуух бүсэд байгаль орчны хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, мөн “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа юм.

Мөн “Цэнгэг Туул–Цэвэр орчин” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн санал, гомдлыг шийдвэрлэх, зөвлөмж, сануулга өгөх, шаардлагатай тохиолдолд хугацаатай албан шаардлага хүргүүлэх ажлыг холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Шалгалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Усны газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Хяналт, шалгалтын үеэр хууль, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ илэрсэн зөрчлийг арилгуулах, хог хаягдлыг бууруулах, усны бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам