Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын зуны VIII наадмын хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт албан ёсоор эхэллээ.

Шигшмэл хүлгэдийн “Монгол Магнай 2026” уралдаан нь Монголын үндэсний морин уралдааны дүрмийн дагуу зургаан насны ангиллаар зохион байгуулагдаж байна. Уралдаанд оролцох хурдан хүлгүүдийг өчигдөр болон уржигдар буюу долдугаар сарын 28-29-ний өдрүүдэд комисс биечлэн үзэж, монгол адууны стандартыг хангасан шигшмэл хүлгэдийг бүртгэн дуусгасан юм.

Өнөөдөр азарганы уралдаан болж, нийт 29 хүлэг хурдаллаа. Уралдааны үеэр нэгэн унаач хүүхэд мориноос унасан боловч бэртэж гэмтээгүй, биеийн байдал сайн байгаа талаар зохион байгуулагчид мэдээллээ.

Наадмын хуваарийн дагуу маргааш их нас, хязаалан, дааганы уралдаан тус тус зохион байгуулагдана.