Бага үдийн 11:00 цаг. Улаанбаатарын хэд хэдэн шатахуун түгээх станцын өмнө автомашины урт цуваа хэдийнэ үүсчээ. Жолооч нар ажлаа амжуулахаар бус, балга бензин авахаар хэдэн цагаар дугаарлан зогсоно. Таксины жолоочийн өнөөдрийн орлого, хөдөө явах айлын төлөвлөгөө, ажилдаа яарсан иргэний цаг хугацаа нь хэдхэн литр шатахуун хийх эсэхээс шалтгаалах болов. Нэг л асуулт хүн бүрийн амнаас гарна.
“Өнөөдрийн хотын хамгийн эрэлттэй бараа нь талх ч биш, мах ч биш. Балга бензин болжээ.”
Наадмын урт амралтыг ашиглан орон нутаг руу аялахаар зорьсон зарим иргэд шатахуунгүй болж, хот руу орж ирж чадалгүй хээр хоноглосон тухай мэдээлэл цахим орчинд түгэв. Хотод үлдсэн жолооч нарын нөхцөл байдал ч ялгаагүй. Нэг шатахуун түгээх станцаас нөгөөд дамжин бензин хайж, хэдэн цагаар дараалалд зогсох нь хэвийн үзэгдэл болжээ.
Харин ердөө наймхан хоногийн өмнө буюу долоодугаар сарын 23-нд Засгийн газраас “Улсын хэмжээнд АИ-92 автобензин 17 хоног, дизель түлш 23 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна” хэмээн албан ёсоор мэдээлж байсан юм. Гэтэл 17 хоногийн хүрэлцээтэй гэж мэдээлсэн нөөц яагаад наймхан хоногийн дараа хомсдолд хүрэв гэсэн асуулт өнөөдөр зөвхөн шатахуун түгээх станцын өмнөх дараалалд зогсож буй жолооч нарт бус, нийт нийгэмд тавигдаж байна.
Нийслэлийн зарим шатахуун түгээх станцын өмнөх автомашины цуваа 3-4 километр үргэлжилж, жолооч нар бүтэн өдөржин хотын нэг захаас нөгөө зах хүртэл бензин хайж явлаа. Зарим нь шатахуун хайсаар өөрийнхөө савыг хоосолж, автомашинаа чирүүлэн авч явсан тухайгаа ярьж байна.
Иргэд шатахууны дараалалд зогсож байх зуур Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-ыг зорьж, шатахууны нийлүүлэлтийн асуудлаар хэлэлцээ хийв. Тэрээр уулзалтын дараа “Энэ удаад Сөүлээс сайн мэдээтэй харих болж байна. Монголын заяа их ээ” хэмээн цахим хуудсандаа бичсэн.
Мэдээж, хүндрэл үүссэн үед өөр улсаас шатахуун авах, хамтын ажиллагаа эрэлхийлэх нь буруу биш. Харин жил бүр ижил асуудал гарахад жил бүр өөр улсын хаалга тогшин тусламж эрдэг тогтолцоо хэвийн гэж үү?
Энэ асуулт л өнөөдрийн хомсдлоос илүү чухал.
Өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдрийн хүндрэлийн нэг шалтгааныг шатахуун хадгалах савны багтаамж хүрэлцэхгүй байгаатай холбон тайлбарлав. Түүний мэдээлснээр Монгол Улс нийтдээ 42 хоногийн хэрэглээг хангах хэмжээний шатахуун татан авах боломжтой ч хадгалах сав нь ердөө 30 хоногийн нөөц багтаах хүчин чадалтай аж. Наадмын өмнө бүрдүүлсэн нөөц зуны их хэрэглээнд хурдан шавхагдсан тул өнөөдрийн хүндрэл үүссэн гэж тайлбарласан.
Эндээс дахин нэг асуулт гарч ирнэ.
Монгол Улсын шатахууны хэрэглээ жил бүр өсөж байгаа нь шинэ мэдээлэл мөн үү?
Үгүй.
Автомашины тоо жилээс жилд нэмэгдэж, хот тэлж, уул уурхай, тээвэр, аялал жуулчлалын салбар өргөжиж байгааг төр хамгийн сайн мэдэж байгаа. Наадам, амралтын улиралд шатахууны хэрэглээ өсдөг нь ч жил бүр давтагддаг үзэгдэл.
Тэгвэл хэрэглээ өсөж байхад хадгалах хүчин чадал яагаад өсөөгүй вэ?
Энэ асуултын хариулт зөвхөн энэ зуныг бус, дараагийн олон жилийг тодорхойлно.
Учир нь өнөөдрийн асуудал ганц цистерн хоцорсон, эсвэл нэг нийлүүлэгч саатсанаас болсон хэрэг биш. Хэрэглээ өсөхийг мэдсээр байж түүнд тохирсон дэд бүтэц, нөөцийн тогтолцоог бүрдүүлээгүйн үр дүн юм.
Энэ дүр зураг танил биш гэж үү?
Ирэх өвөл Монгол Улсад 150 МВт-ын цахилгааны чадлын дутагдал үүсэж, оргил ачааллын үед хэрэглээг хязгаарлаж магадгүй талаар салбарын сайд хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Тэнд ч мөн адил хэрэглээ өссөн, харин хүчин чадал нь гүйцээгүй.
Өнөөдөр шатахуун.
Маргааш цахилгаан.
Өчигдөр халуун ус.
Асуудал нь өөр өөр салбарт байгаа мэт боловч шалтгаан нь ижил. Хэрэглээ өсөхийг урьдчилан тооцоолж, дэд бүтцээ дагуулан хөгжүүлэх урт хугацааны бодлого дутагдсаар иржээ.
Иргэд асуудал гарах бүрд нөхцөл байдал хэвийн болно гэсэн тайлбарыг сонсдог. Харин дараагийн жил нь яг ижил асуудал дахин гардаг.
Хэрэв энэ удаагийн хүндрэл өнгөрсний дараа агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх, стратегийн нөөцийн бодлогыг шинэчлэх, нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх бодит шийдвэрүүд гарахгүй бол өнөөдрийн дараалал дараа жилийнхээс ялгарахгүй.
Энэ хооронд Улаанбаатар хот тун удахгүй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12 хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах төлөвлөгөөг хотын захиргаа танилцуулсан.
Иргэдийн хувьд ирэх сар шатахуун олох уу, эсвэл дугаарын хязгаарлалтад багтах уу гэсэн хоёр сонголтын дунд өнгөрөх төлөвтэй.
Улс орны хөгжлийг томоохон хурлаар хэмждэггүй.
Иргэн нь өглөө ажилдаа явахдаа бензинээ чөлөөтэй авч чаддаг эсэхээр, өвөлдөө гэрлээ асааж чаддаг эсэхээр, зуны халуунд халуун устай байдаг эсэхээр хэмждэг.
Эдгээр нь тав тухын асуудал биш.
Төрийн чадавхын шалгуур юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!