Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын нүүрсэн галлагаатай зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх ажил хэрэгжиж байна.

2025-2026 оны халаалтын улиралд Баянгол болон Чингэлтэй дүүргийн нийт 5000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлжээ. Төслийн хэрэгжилттэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон албаны бусад төлөөлөл танилцлаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 3815 өрх, Баянгол дүүргийн 1185 өрх хийн халаалтын системд шилжсэн байна. Мөн иргэдэд хийн түлш нийлүүлэх 25 цэг үйл ажиллагаа явуулж байна.

Монгол инженерүүдийн хөгжүүлсэн шингэрүүлсэн хийн зуух нь олон улсын NFPA стандартыг хангасан, хий алдагдахаас хамгаалах олон шатлалт хамгаалалттай, аюулгүй ажиллагааны өндөр түвшинтэй бөгөөд ашиглахад хялбар байдлаар бүтээгдсэн байна. Мөн агаар чийгшүүлэх усны тавцантай зэрэг нэмэлт давуу талтай аж.

Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд нүүрсэн галлагаатай 69 усан халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх шаардлагатай байгаа бөгөөд 2026 онд найман зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Тухайлбал, Ерөнхий боловсролын 117 дугаар сургууль нүүрсэн зуухаа бүрэн халж, шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжжээ. Энэхүү өөрчлөлт нь гэр хорооллын 1000 гаруй янданг буулгасантай дүйцэхүйц үр нөлөөтэй гэж үзэж байна.

Сургуулийн удирдлагын мэдээлснээр хийн халаалтад шилжсэнээр ашиглалт, ахуйн зардал буурч, автоматжуулалтын ачаар өмнө нь ажиллаж байсан найман хүний орон тоо нэг хүнээр ажиллуулах боломжтой болжээ.