Шатахууны хомсдол үүсээд буй энэ үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНСУ-д ажиллаж, шатахууны нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр хэлэлцээ хийжээ.

Тэрбээр БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамтай хийсэн уулзалтын үеэр Монголын дотоодын түлшний зах зээлийг тогтворжуулах зорилгоор сар бүр 50 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон байна.

Нийлүүлэлтэд:

  • 10 мянган тонн онгоцны түлш,

  • 20 мянган тонн АИ-92 автобензин,

  • 20 мянган тонн дизель түлш

багтах бөгөөд энэ хэмжээ нь Монгол Улсын сарын шатахууны хэрэглээний ойролцоогоор 20-33 хувийг хангах боломжтой аж.

Энэхүү хэлэлцээр нь шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, дотоодын зах зээл дэх хомсдол, үнийн дарамтыг бууруулахад чиглэж байна.