АИ-92 автобензиний нийлүүлэлт доголдсоноос үүдэн шатахуун түгээх станцуудын гадна иргэд урт дараалал үүсгэн, зарим нь өдөр шөнөгүй дугаарлаж байгаа билээ.
Үүнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр шатахууны асуудлаар Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гарган олон нийтэд танилцуулна гэж мэдэгдлээ.
Тэрбээр, Монгол Улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ оргил үедээ 70 мянган тоннд хүрдэг болохыг онцлоод, наймдугаар сарын нийлүүлэлтийн хүрээнд ОХУ-ын “Роснефть” компаниас 50 мянган тонн, бусад нийлүүлэгчдээс 10 мянган тонн, БНХАУ-аас 6 мянган тонн буюу нийт 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга баталгаажсан гэв.
Мөн БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь улсын шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах, импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилготой аж.
Засгийн газар импортын татан авалт, гааль, тээвэр, агуулах болон түгээлтийн үйл ажиллагааг 24 цагаар шуурхай зохион байгуулж, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд ажиллаж байгааг сайд онцолж, нийлүүлэлт, түгээлтийн талаарх мэдээллийг тогтмол, ил тод хүргэнэ гэдгээ мэдэгдлээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!