Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор аймаг, орон нутгууд жил бүр 500-700 толгой тарвагыг сэргээн болон сэлгэн нутагшуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын үр дүнд устсан болон тоо толгой нь эрс цөөрсөн бүс нутгуудад тарвага дахин нутагшин, тоо толгой нь өсөх хандлагатай болжээ.

Харин хууль бус агнуур, худалдаа үргэлжилж байгаа нь хамгааллын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг албаныхан анхаарууллаа.

Иймд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд тарваганы хууль бус агнуур, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20-ныг хүртэл агнахыг хориглодог бөгөөд зөвхөн хуульд заасан хугацаанд, зохих зөвшөөрөлтэйгээр агнах боломжтой.

Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориудаар бариулах, тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хуулиар хориглосон байна.