Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, хүн хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх ажил шат дараатай хэрэгжиж байна.

Улмаар, үндэсний бүтээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг яам, агентлагийн захиргаа, мэдээлэл технологийн нэгжийн удирдлагуудын хамт ЗГХЭГ-аас өнөөдөр (2026.08.07) зохион байгууллаа.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд цахим шилжилттэй холбоотой нийт 311 хууль, журам, тогтоол шийдвэр гарчээ. Үүнээс 70 орчим хувь нь хэрэгжсэн, нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ төрийн захиргааны төв байгууллага 12.4 хувь, төрийн захиргааны байгууллага 11 хувийг нь л цахимаар хэрэгжүүлсэн аж. Улсын төсөвт бичиг хэргийн зардал буурахгүй байгаа нь цаасан суурьтай мэдээлэл солилцоо хэвээр байгааг харуулж байна. 

2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр эцэслэн батлагдсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулан нэмэлт, өөрчлөлт орсон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиудаар үндэсний цахим шилжилтийн эрх зүйн орчин бүрэн хангагджээ. Түүнчлэн, хиймэл оюун, бүртгэлийн хамгаалалттай технологийг ашиглах нөхцлийг бүрдүүлсэн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга С.Тэнгис, Мэдээллийн технологи, систем нэгтгэлийн газрын дарга Б.Билэгдэмбэрэл нар танилцуулав.  

Хэлэлцүүлийн үр дүнд 2027 онд төрийн мэдээлэл солилцооны 80-аас багагүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрд байгаа мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй “Once-only” зарчмыг 100 хувь хангуулахад шаардлагатай алхмуудыг хийх үүрэг даалгавар өглөө.