“Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эдийн судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлсэн. Тодруулбал, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.

Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм.

Борлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж, түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан “Хотула” аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм.

2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан.

Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.