Монголын шорт-трекийн залуу тамирчин Батзолбоогийн Энгүүн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хос мөнгөн медаль хүртэн эх орондоо ирлээ.
“Asian Open Short Track Speed Skating Trophy 2026” тэмцээн энэ сарын 17-20-ны өдрүүдэд Энэтхэгийн Дэхрадун хотын “Химадри” мөсөн гулгуурын ордонд зохион байгуулагдсан байна.
15 настай Б.Энгүүн нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар сургуулийн 10В ангийн сурагч бөгөөд гүйлтийн тэшүүрээр есөн жил, шорт-трекийн спортоор дөрвөн жил тогтмол хичээллэж байгаа аж. Тэрээр шорт-трекийн олон улсын хэмжээний мастер, гүйлтийн тэшүүрийн улсын аварга тамирчин цолтой.
Түүний хувьд 2021-2026 онд хотын аварга шалгаруулах тэмцээнүүдэд гүйлтийн тэшүүр болон шорт-трекийн төрөлд тэргүүн байр эзэлж, 2022-2026 онд улсын аварга шалгаруулах тэмцээнүүдээс удаа дараа аваргаар тодорсон байна.
Мөн 2023 онд Монголын хүүхдийн өвлийн их наадмын 11-12 насны ангиллын 500 метрийн зайд улсын дээд амжилт тогтоон түрүүлсэн бол 2025 онд гүйлтийн тэшүүр болон шорт-трекийн төрлүүдэд тэргүүн байр эзэлжээ.
Олон улсын тэмцээний амжилтаас дурдвал, 2024 онд ОХУ-д болсон шорт-трекийн олон улсын тэмцээнд дэд мастер цол хүртсэн. Харин 2025 онд БНХАУ-д зохион байгуулагдсан тэмцээнүүдэд мастер цол хүртэж, 500, 1000, 1500 метрийн зайд алтан медаль хүртсэн бөгөөд Хөх хотод болсон тэмцээнд олон улсын хэмжээний мастер цолоо баталгаажуулсан байна.
Энэ удаагийн Энэтхэг дэх хос мөнгөн медаль нь Б.Энгүүний олон жилийн хөдөлмөр, бэлтгэл сургуулилтын үр дүн төдийгүй Монголын шорт-трекийн спортын залуу тамирчдын олон улсын тавцанд гаргаж буй шинэ амжилтын нэг боллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!