Бид амьдралаа ихэнхдээ төлөвлөж өнгөрөөдөг.

Хэзээ төгсөхөө, хэзээ ажилтай болохоо, хэзээ гэр бүлтэй болохоо, хэзээ өөрийн хүссэн амьдралаар амьдрахаа хүртэл дотроо төсөөлчихсөн байдаг. Гэвч амьдрал бидний гаргасан төлөвлөгөөг дагаж амьдардаггүй.

Заримдаа хамгийн их хүссэн зүйл маань дундуур хэвээр үлддэг. Харин огт төлөвлөөгүй зүйл бидний амьдралын хамгийн сайхан хэсэг болж үлдэнэ. Зарим хүн бидний төсөөлж байснаас эрт явна. Зарим боломж хэтэрхий орой ирнэ. Заримдаа бид өөрсдөө ч өмнө нь хүсэж байсан хүнээсээ огт өөр хүн болчихсон байдаг.

Хожим хойно нэг л өдөр эргээд харахад, бидний “алдаа” гэж бодож байсан зүйлс хүртэл өнөөдрийн биднийг бүтээсэн байдаг.

Магадгүй амьдралын утга нь бүхнийг зөв төлөвлөж, алдаа гаргалгүй амьдрахад биш байх.

Харин өөрчлөгдөж буй зүйлсийн дунд өөрийгөө алдахгүй байх. Бүтэлгүйтсэн үедээ дахин эхлэх зоригтой байх. Өнгөрснийг буцааж чадахгүйгээ ойлгоод, өнөөдрийг дэмий үрэхгүй байх.

Бид амьдралаа хэзээ нэгэн цагт эхлүүлнэ гэж боддог.

“Тэр үед л жаргалтай болно.”

“Тэр үед л тайван амьдарна.”

“Тэр үед л өөртөө цаг гаргана.”

Гэвч тэр “нэг өдөр” заавал ирнэ гэсэн баталгаа үгүй.

Тиймээс магадгүй амьдрал гэдэг ирээдүйд хүрэхийн нэр биш, яг одоо амьдарч буй мөчөө анзаарах тухай мэт. Өнөөдөр төгс биш байж болно.

Гэхдээ энэ бол бидэнд олгогдсон өнөөдөр.

Магадгүй бидний хамгийн том эндүүрэл нь амьдралыг заавал нэг тодорхой нас, нэг тодорхой цаг хугацаанд “амжуулах” ёстой гэж боддогт оршдог байх.

25 насандаа ийм байх ёстой.

30 насандаа тийм зүйлтэй болсон байх ёстой.

Тэр насанд гэр бүлтэй, тэр насанд байртай, тэр насанд амжилтад хүрсэн байх ёстой гэх мэт.

Бид өөрсдийн амьдралыг бусдын амьдралтай харьцуулж эхлэх мөчөөсөө л өөрийнхөө замыг буруу гэж бодож эхэлдэг.

Гэтэл хүн бүрийн эхлэх цэг өөр.

Хэн нэгэн хорин настайдаа мөрөөдлөө олдог бол өөр нэгэн гучин таван насандаа өөрийгөө шинээр нээж болно. Хэн нэгэн эрт амжилтад хүрдэг бол өөр нэгэн олон удаа унасны эцэст өөрийнхөө зөв замыг олдог.

Хамгийн гол нь хэн түрүүлж очсон нь биш.

Хэн өөрийнхөөрөө амьдарч чадсан нь чухал.

Бид заримдаа бусдад харагдах амьдралыг бүтээхийн тулд өөрсдийн хүссэн амьдралаа орхидог. Хүмүүс юу гэж бодох бол гэж айна. Бусадтай адилхан байхыг хичээнэ. Өөрийн хүсэл биш, бусдын хүлээлтийг биелүүлж эхэлнэ.

Тэгээд бүх зүйл гаднаасаа сайхан харагдаж байсан ч дотроо нэг л зүйл дутуу санагдана.

Тэр нь өөрийнхөөрөө амьдарч байгаа мэдрэмж.

Амьдрал бидэнд бүх зүйлийг нэг дор өгөх албагүй. Зарим зүйлийг хүлээлгэнэ. Заримыг нь авч одоод, оронд нь өөр зүйл өгнө. Зарим хаалгыг хааж байж өөр хаалга руу түлхэнэ.

Амьдралын хамгийн сайхан зүйл нь бидэнд бүхнийг урьдчилж хэлдэггүйд оршдог байх.

Маргааш юу болохыг мэдэхгүй.

Гэхдээ яг тэр үл мэдэгдэх зүйл дотор шинэ боломж, шинэ хүн, шинэ эхлэл, шинэ хувилбар ч байж болно.

Тиймээс бүх зүйл төлөвлөгөөний дагуу болоогүй бол өөрийгөө буруутгах хэрэггүй.

Заримдаа замаас гарсан мэт санагдсан тэр мөч л биднийг яг очих ёстой газар руу маань хөтөлж байдаг.

Амьдрал бидний бодсоноос өөр.