Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийж, 2027 оны төсвийн хүрээнд хэрэгжүүлэх есөн гол шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын хувиар анхны төсвөө буюу 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ төслийн тоо, мөр бүрийн ард нэг л амин чухал утга бий. Энэ бол Монголынхоо баялгийг монголчуудад хүргэх, эх орныхоо эзэн монгол хүн эрдэнэсийн өгөөжөө хүртэх” хэмээлээ.
Мөн сайд нарын урсгал зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, иргэдэд чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг онцолсон юм.
Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүргэнэ
Оюу толгойн ногдол ашгийг анх удаа Монгол Улсад авчирч, иргэдийн хуримтлалын данс болон дулааны шинэ станц барих, арьс шир боловсруулах, малын эм, вакцины үйлдвэр байгуулах, хоёр боомтыг бүрэн шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Ногдол ашгийн хөрөнгийг хаана, юунд зарцуулахыг “И-Монголиа” платформоор дамжуулан нээлттэй санал асуулгаар иргэдээр эцэслэн шийдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг бодит өмч болгоно
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдийн бодит өмч болгох бөгөөд хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, арилжаалах боломжийг бүрдүүлнэ.
Мөн тус компанийг нээлттэй компани болгохоос гадна төрийн өмчит бусад компаниудын хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгох бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн шинэ технологи, бүтээн байгуулалт шаардлагатай 10 төрийн өмчит компанийн хувьцааг олон улсын хөрөнгө оруулагчдад санал болгож, 500 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татахаар тооцсон байна.
Татварын дарамтыг бууруулна
Иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх цалинд хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүй болгож, хөдөлмөр эрхэлж буй иргэдийн орлогод нийт 840 тэрбум төгрөг үлдээхээр төлөвлөжээ.
Мөн жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой компани нэг хувийн орлогын албан татвар төлөхөөр зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.
НӨАТ төлөгчийн борлуулалтын орлогын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, 23 мянган аж ахуйн нэгж сар бүр НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй болох аж.
Мөн 25 хувийн татварыг 15 хувийн шинэ шатлалтай болгож, 600 гаруй аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулахаар төлөвлөжээ.
Тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ
2027 онд тэтгэврийг дунджаар 1 сая 335 мянга 400 төгрөгт хүргэхээр тооцжээ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, олон жил шимтгэл төлсөн иргэн илүү тэтгэвэр авах зарчимд шилжинэ.
Мөн 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр шинээр олгохоор төлөвлөжээ.
Ажил хөдөлмөр эрхэлж буй оюутан, залуусыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхөөр болсон байна.
Түүнчлэн багш нарын цалинг энэ онд 50 хувиар, эмч нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд эмч нарын цалинг ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс дахин 20 хувиар нэмэхээр төлөвлөжээ.
Соёл, спорт, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль хамгааллын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлж, 2027 оны эхний улиралд багтаан төрийн бүх албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан нэмэхээр төлөвлөсөн байна.
16 мянган өрхийг орон сууцтай болгоно
Ирэх онд нийт 16 мянган өрхийг орон сууцтай болгохоор төлөвлөжээ.
Үүнээс 14 мянган өрх зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах бол 2000 өрх түрээслээд өмчлөх нөхцөлөөр шинэ орон сууцанд орох боломж бүрдэх аж.
Мөн төрөөс барьж буй 4000 айлын орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгон бууруулахаар төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарт томоохон төслүүд хэрэгжүүлнэ
Дулааны III цахилгаан станцын дэргэд 300 МВт-ын хүчин чадалтай VI цахилгаан станц барихаар төлөвлөсөн байна.
Олон жил гацсан V цахилгаан станц болон 10 аймгийн цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулах бөгөөд эрчим хүчний үнийн өсөлтийн ачааллыг өрхийн хэрэглэгчдэд нэмэгдүүлэхгүй байх бодлого баримтлахаа Ерөнхий сайд онцоллоо.
Боловсролын салбарт шинэчлэл хийнэ
Зургаан бүс тус бүрд Кембрижийн хөтөлбөртэй хоёр сургууль, нэг төрөлжсөн ахлах сургууль байгуулахаар төлөвлөжээ.
Мөн 300 ортой 15 дотуур байр барих, ирэх онд 100 мянган сурагчийг “Google”-ийн компьютерээр хангах, 100 сургуулийг “Google” лаборатори сургууль болгох, 100 сургуулийг уурын зуухгүй, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон сургууль болгохоор төлөвлөсөн байна.
Эрүүл мэндийн салбарт 34 эмнэлэг шинээр барина
Одоогоор гадаадын зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр 39 эмнэлэг баригдаж байгаа бөгөөд үүн дээр нэмж 34 эмнэлэг шинээр барьж байгуулахаар төлөвлөжээ.
Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өдөр тутам хэрэгцээтэй, амин чухал эмүүдийг нэмж, ахмад настнууд даралт, зүрх судас, чихрийн шижин зэрэг өвчний эмийг үнэ төлбөргүй авах нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашины дэд бүтцийг нэмэгдүүлнэ
Одоогоор таван аймагт нарны цахилгаан станц баригдаж байгаа бол ирэх онд нэмж 10 нарны цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулахаар төлөвлөжээ.
Мөн цахилгаан автомашины түргэн цэнэглэх 500 “ногоон өртөө” байгуулж, авто зам дагуу 150 км тутамд нэг ногоон өртөө байгуулахаар тооцсон байна.
Нарны хавтан, цахилгаан хураагуур зэрэг сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг гааль болон онцгой албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөжээ.
Ерөнхий сайд Н.Учрал мэдээллийнхээ төгсгөлд УИХ-ын гишүүдийг “Монголын баялгийг монголчуудад хүргэх” дээрх шийдвэрүүдийг дэмжин батлахыг уриаллаа.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!