COP17 хүнс, хөрс хоёрыг онцлов
Хүн эрүүл энх байж, урт удаан амьдаръя гэвэл экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Бидний хэрэглэдэг мах, ногоо, гурил, будаа гээд бүх хүнс газрын шимээр бий болдог. Тиймээс хөрсний үржил шим хамгийн чухал. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн хамгийн ойрын жишээ нь хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн цөлжилтийн эсрэг НҮБ-ын конвенцын талуудын 17-р бага хурал (COP17) юм. Энэхүү бага хурлын 11 дэх өдөр бүхэлдээ “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрс” гэсэн агуулгад зориулагдаж, энэ сэдвийн хүрээнд олон арван уулзалт, хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайлбал, COP16-д эхлүүлсэн Global Flagship Initiative for Food Security буюу Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилгын хэрэгжилт, цаашдын зорилтыг хэлэлцсэн. Уг санаачилгад өдгөө 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цаашид 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавьсан гэдгээс харахад хүн төрөлхтөн хүнсний аюулгүй байдал, хөрсний аюулгүй байдал хоёр салшгүй холбоотой гэдгийг ухаарч, ойлгож, үүний төлөө нэгдэж, хамтран ажиллаж эхэлжээ гэж болно. Хөрснөөс хүнс, бэлчээрээс мал аж ахуй, нөхөн сэргээлтээс тогтвортой үйлдвэрлэл хүртэлх харилцан уялдаатай асуудлуудад олон улс орон анхаарлаа хандуулж байна.
Одоо биш бол оройтно
Хөрсний доройтлыг бууруулахын зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээмжийг хэрхэн тогтвортой хадгалах вэ. Үүнд хариулт болох дэлхийн улс орнуудын сайн жишээ цөөнгүй. Бразил Улс 2010 оноос нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалд ухаалаг хөдөө аж ахуйн бодлого хэрэгжүүлж, сүүлийн 15 жилд 37 сая гаруй га газрыг нөхөн сэргээж чаджээ. Харин Гватемал улс газрын доройтолтой тэмцэхэд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл, нэгдсэн өгөгдөл, бодлогын уялдааг хангаснаар үр дүнд хүрсэн байна. Энэ мэт агроэкологийн шийдлүүдийг тоочвол тун олон.
Монгол Улс өөрийн онцлогтой, байгаль, цаг агаарын эрс тэс нөхцөлтэй. Бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтол нэмэгдэж байгаа нь мал аж ахуй, газар тариалангийн салбарын аль алинд нь сорилт болж байна. Тиймээс одоо л хариу арга хэмжээ авахгүй бол оройтно. Малчид ч, газар тариалан эрхлэгчид ч үүнийг ойлгож, дор бүрнээ анхаарал хандуулах болжээ.
Салбарын яамнаас бэлчээрийг хамгаалах, сэргээх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр оновчтой бодлого баримталж, бодитой санаачилгууд хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, “Нутагтаа эзэн 100:1000” төсөл энэ жил 17 аймгийн 25 суманд хэрэгжиж эхэлжээ. Цаашид улсын хэмжээнд 1000 багт, өөрөөр хэлбэл бараг бүх сум, багт хэрэгжүүлэх юм билээ. Баг бүр малчдадаа 100 га газрыг эзэмшүүлэн, ногоон тэжээл тариалуулах энэ төсөл хэрэгжсэнээр малчид байгаль, цаг уурын бэрхшээлд барьц алдахгүй, отор нүүдэл хийхгүйгээр нутагтаа өнтэй өвөлжиж хаваржин, малаа тарга тэвээрэг авахуулах боломж бүрдэнэ. Энэ нь малын чанар, малчдын амьжиргаа, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, ашиг орлого гээд олон асуудлыг эерэгээр шийдэхээс гадна бэлчээрийн даац хэтэрч талхлагдахаас сэргийлнэ.
Бордооны импортыг экспортоор солино
Яамнаас хэрэгжүүлж байгаа өөр нэг бодлогыг онцлох ёстой. ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хаврын тариалалтын үеэр хөрсний доройтол, бордооны асуудлыг сөхөн ярьж, малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн бордоог газар тариалангийн салбарт ашиглахыг дэмжих, бордооны урамшуулал олгох тухай сэдэв хөндөж байв. Энэ яриа хий хоосон байсангүй. Сайдын санаачилгаар Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ХХААХҮЯ-ны захиалгаар үндэсний үйлдвэрлэгч 6 компанийн органик бордоог улаанбуудайн тариаланд ашиглаж туршжээ.
Малын яс, ноос болон нүүрсийг ашиглан дотооддоо үйлдвэрлэсэн бордооны ургац, хөрсний үржил шимд нөлөөлөх байдлын туршилт, судалгааны ажлын эхний үр дүн гарсан байна. Тухайн бордоонууд ургамалд өсөлт, хөгжилтөд хэрхэн нөлөөлөв, хөрсний үржил шимийг хэр тэтгэв гэх мэтээр нарийвчилсан судалгааг хийж байгаа аж. Энэхүү эрдэм шинжилгээ, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх, дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдэгджээ.
Жилдээ 15 мянган тонн бордоог хоёр хөршөөсөө импортоор авч хэрэглэдэг манай улсын хувьд үндэсний үйлдвэрлэлийн органик бордоог газар тариалангийн салбартаа хэрэглэх нь олон давуу талтай. Бордоо үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих юм бол жилд 15 мянган тонныг хэд дахин давуулсан хэмжээгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хүчин чадалтай юм билээ. Тиймээс дотоодын хэрэгцээгээ хангаад илүү гарсан бордоогоо экспортолно гэсэн үг. Малын яс, мах, ноос зэрэг түүхий эд ийнхүү нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болж дэлхийн зах зээл дээр үнэд хүрнэ. Малчид, үйлдвэрлэгчдэд орлогын нэг эх үүсвэр нэмэгдэнэ. Товчхондоо бид бордоогоо бусдаас гуйхгүй болно.
Том зургаар нь харвал хөрсийг хамгаалах, сэргээх, шим тэжээлийг нь нэмэгдүүлэх том зорилго биелнэ.
Г.Асралт








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!