Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан С.Молор-Эрдэнийг шалгах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өгснөөр хууль сахиулах байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Түүнийг шалгах болсон шалтгаан нь жилийн өмнө “Томокогийн найз” нэртэй подкастад оролцох үеэрээ Монголын түүх, Чингис хааны талаар ярьсан агуулгатай холбоотой аж.

Улмаар 2026 оны есдүгээр сарын 1-нд Тагнуулын ерөнхий газраас С.Молор-Эрдэнийг баривчилсан байна. Харин өнөө өглөө түүний баривчилгааг хүчинтэйд тооцох эсэх асуудлыг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны шүүхээр хэлэлцэж, баривчилгааг хүчинтэйд тооцжээ.

Мөн холбогдох хуулийн байгууллагаас С.Молор-Эрдэнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг өнөөдөр 13:30 цагт Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхээр хэлэлцэж, түүнийг нэг сарын хугацаагаар үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх юм байна.

С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйл буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Тус зүйлийн 1 дэх хэсэгт:

“Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон үйлдлийг зохион байгуулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Харин уг гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд тусгажээ.