Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2026 оны А/132 дугаар захирамж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны А/860 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, шинжээчдийн баг Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг хамтран гүйцэтгэж байна.

Ажлын хэсэг Ханчандмань уулын хусан ойн бүс, Хөтөл нуурын нарсан төгөл, Ар сүмийн хоолойн нарсан төгөл, Нөмрөгийн гол, Дэгээ гол орчмын түймэрт өртсөн талбайд судалгаа хийжээ.

Гэвч дархан цаазат газрын онгон болон онцгой хамгаалалтын бүсийн зүүн хэсэгт байрлах зарим ойн талбайд хүрэх замгүй, намаг, усархаг хотгор, олон салаа хоолой, гүн жалгаар тусгаарлагдсан тул автомашин, мотоцикл болон морин уналгаар нэвтрэх боломжгүй нөхцөл үүсээд байна. Мөн шатсан талбайгаар зорчих үед тээврийн хэрэгслийн дугуй гэмтэх зэрэг хүндрэл гарч байгаа аж.

Үүний улмаас Монгол Улсын хилийн зурвас орчим дахь түймэрт өртсөн ойн талбайн шаталтын хэмжээ, ойн гэмтлийн зэрэглэл, түймрийн хамрах хүрээ, зэрлэг амьтдын тархалт, шилжилт хөдөлгөөн, амьдрах орчинд үзүүлсэн нөлөөлөл, хөрс, ургамлан нөмрөгийн шаталт, доройтлын зэргийг бүрэн тодорхойлоход хүндрэлтэй байна.

Иймд байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн, бодитой тогтоох зорилгоор ажлын хэсэг, шинжээчдийн багийг нисдэг тэргээр ажиллуулах хүсэлтийг өнөөдөр Улсын онцгой комисс болон Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлжээ. Одоогоор нисдэг тэрэг ашиглах боломжийг холбогдох байгууллагууд судалж байна.

Нисдэг тэрэг ашигласнаар газраар хүрэх боломжгүй бүсэд агаарын тандалт, гэрэл зураг болон бусад баримтжуулалт хийх, түймэрт өртсөн ойн талбайн хэмжээ, гэмтлийн зэрэглэлийг тогтоох, зэрлэг амьтдын амьдрах орчинд үзүүлсэн нөлөөллийг үнэлэх, хөрс, ургамлын доройтлыг судлах боломж бүрдэх юм.

Ингэснээр Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нарийвчлалтай тогтоож, цаашдын нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.