Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбатын ярилцлага.

-Манай улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хууль эрх зүйн зохицуулалтын уялдаа холбооны талаар яриагаа эхлүүлье?

-Урьдчилан сэргийлэх бодлого гэдэг нь төр, орон нутгийн байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурлан гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хэрэгжүүлдэг урт хугацааны төлөвлөлт. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд урьдчилан сэргийлэх ажлыг бодлого боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх замаар зохион байгуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахын тулд Ажлын албанаас Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дунд хугацааны стратегийг боловсруулж байна. Улмаар зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг уялдуулан бодлогын нэгдмэл байдлыг хангаж ажиллана. Судалгаагаар гэр бүлийн орчин, боловсрол, ажил эрхлэлт, орлогын түвшин, архидалт, мансуурах, согтуурах донтолт, хотжилт, орчны аюулгүй байдал, хууль зүйн хариуцлагын тогтолцоо зэрэг олон хүчин зүйл гэмт хэрэгт шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохыг харуулсан. Тиймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн гэсэн харилцан уялдаа бүхий гурван түвшинд хэрэгжүүлдэг тул бодлого үе шаттай байх ёстой юм.  Орчин үеийн хууль зүй, криминологийн шинжлэх ухаанд гэмт хэрэгтэй тэмцэх бодлого нь зөвхөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хариуцлага тооцох арга хэмжээгээр хязгаарлагдахгүй болсон. Өөрөөр хэлбэл, эрх зүй, нийгэм, эдийн засгийн боломжийг иргэдэд илүү тэгш хүртээх, хүний хөгжлийг дэмжих замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэж байна. Энэ нь гэмт хэрэг гарсны дараа мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлэх, ял эдлүүлэх, учирсан хохирлыг арилгах арга хэмжээтэй харьцуулахад өртөг бага төдийгүй хүний эрхийг хамгаалах, шударга ёсыг бэхжүүлэх, аюулгүй нийгмийг төлөвшүүлэх боломжийг бүрдүүлдэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн баталгааг бэхжүүлэх, боловсрол, соён гэгээрүүлэх ажлыг өргөжүүлэх, хот, тосгоны төлөвлөлт, орчны аюулгүй байдлыг төлөвлөх зэрэг өргөн хүрээтэй бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр зохицуулсан нь дээрх бодлого, эрх зүйн зохицуулалт хэрхэн уялдаатай байгааг харуулдаг.

 -Олон улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар бодлого хэрэгжүүлдэг юм бол. Ямар сайн туршлагыг нь хэрэгжүүлэх боломж байна вэ? 

 -Судалгаагаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй дэлхийн 29 улсад нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэргийн бүтцэд үндэслэн тухайн орчны аюулгүй байдлыг сайжруулах, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Учир нь гэмт хэрэгт нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчин, сэтгэлзүйн 300 гаруй эрсдэлт хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг. Бүх нутаг дэвсгэрт яг ижил арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй. Нэг газарт малын хулгай тулгамдсан асуудал байхад нөгөөд нь цахим залилан, гэр бүлийн хүчирхийлэл зэргээр харилцан адилгүй байдаг. Тиймээс урьдчилан сэргийлэх бодлогыг хэвтээ болон босоо түвшинд хослуулж хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. “Босоо” буюу төвлөрсөн загвар нь бодлого, аргачлалыг нэг мөр боловсруулдаг давуу талтай. Хүн хаана амьдарч байгаагаас үл хамааран төрийн бодлого ижил, хариуцлага нь тодорхой байна. Харин “Хэвтээ” нь тухайн асуудлыг хамгийн сайн мэддэг хүмүүс нэг ширээний ард сууж, тухай бүр асуудлаа шийдэх гарц юм. Цагдаа, сургууль, эмнэлэг, орон нутгийн захиргаа, бизнес эрхчлэгчид, иргэд хамтдаа “Манай хороо, багт яагаад гэмт хэрэг өсөөд байна, үүнийг хэрхэн шийдэх вэ” гэдэгт хариулж,  тохирсон шийдлийг өөрсдөө боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, нэг сумын шийдэл нөгөө сумынхтай заавал адил байх албагүй. Дэлхий нийт энэ чиглэлд аль хэдийн өөрчлөгдөж эхэлсэн. 2021 оны Киотогийн тунхаглалд дурдсанаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого нь улс орон бүрд харилцан адилгүй байна. Тухайн улсын, цаашлаад хот, дүүрэг, хорооны онцлогт тохирсон шийдэл л хамгийн үр дүнтэй гэж олон улсын шинжээчид дүгнэдэг. Үүнийг бодит ажил болгосон улс орон цөөнгүй. Жишээлбэл, Япон, Албани, Сингапур, Эстони зэрэг улс хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, гэмт хэргийн тархацыг хамтатган судалж, хот төлөвлөлт, боловсрол, аюулгүй байдлын бодлогыг нэгтгэсэн байна. Хууль эрх зүйн уламжлалын хувьд хүн төрөлхтөн олон мянган жилийн турш “Сэргээх шударга ёс”-ны бодлогыг баримталж ирсэн. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсны дараа гэм бурууг тогтоож, хохирлыг барагдуулж, хариуцлага хүлээлгэдэг. Харин өнөөдөр “Хуваарилах шударга ёс” гэх шинэ өнцөг нэмэгдэж байна. Энэ нь хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд хүргэж байгаа нийгэм, эдийн засгийн эрсдэлийг багасгаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй орчныг бүрдүүлэх замаар гэмт хэрэг гарахад нөлөөлж буй хөрс суурийг өөрчлөхийг зорьж байна. Эцсийн дүндээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого нь хүн хууль зөрчихөөсөө өмнө зөв сонголт хийх боломжтой нийгмийг бүтээх тухай асуудал юм. Мэдээж ийм бололцоог төр, иргэн хамтдаа бүтээнэ.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй соён гэгээрүүлэх ажил иргэдийн зан төлөв, хуульд хандах хандлагад бодит өөрчлөлт үзүүлж чадаж байна уу?

-Соён гэгээрүүлэх ажил гэхээр хүмүүсийн хамгийн түрүүнд санаанд ордог зүйл нь зурагт хуудас, шторк, лекц, сургалт байдаг. Цаашид энэ ойлголтыг илүү өргөн хүрээнд хүлээж авах хэрэгтэй. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд соён гэгээрүүлэх ажлыг эхлээд эрсдэлийг таньж мэдэх, дараа нь түүнийг бууруулах үйл явц гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ямар хүмүүс, ямар нөхцөлд, ямар төрлийн гэмт хэрэгт өртөх эсхүл холбогдох эрсдэлтэйг судалж, тухайн шалтгааныг арилгахын зэрэгцээ иргэдэд үнэн зөв, тогтмол мэдээлэл хүргэх нь соён гэгээрүүлэх ажлын үндсэн агуулга. Энэ ажил бол мэдээлэл түгээхээс илүүтэй эрсдэлийг өөрчлөх тухай ойлголт. Иргэдэд чиглэсэн уриалга, нөлөөллийн аян, сурталчилгаа тодорхой нөхцөлд хэрэгтэй. Жишээлбэл, шинэ төрлийн цахим залилангийн талаар иргэдэд шуурхай мэдээлэл өгөх нь бодит эрсдэлийг бууруулж болно. Гэхдээ зөвхөн мэдээлэл өгөөд хүмүүсийн зан үйл тогтвортой өөрчлөгдөнө гэж үзэх нь өрөөсгөл. Зан үйлийн өөрчлөлт нь мэдээллийн орчноос гадна тухайн хүний амьдрах орчин, боломж, хууль хэрэгждэг эсэх, нийгмийн институц хоорондын ажиллагаанаас ихээхэн хамаардаг. Энд хууль сахиулах болон шударга ёсны тогтолцооны үүрэг хамгийн чухал гэж үзэж болно. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн хүн хуульд заасан хариуцлагаа заавал хүлээдэг, хэрэг нь шударга, шуурхай шийдэгддэг гэдэг итгэл нийгэмд төлөвшиж чадвал энэ нь илүү хүчтэй урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлдэг. Харин хууль хэрэгжихгүй, шийдвэр шударга бус гэсэн ойлголт давамгайлбал гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах нөлөө мэдэгдэхүйц сулардгийг криминологи, эрх зүйн олон судалгаа харуулж байна. Тиймээс мөрдөн шалгах байгууллага, прокурор, шүүхийн байгууллагынхан хэрэг бүрээс гарч буй шалтгаан, эрсдэлийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон нутгийн байгууллагуудтай хуваалцаж, хамтдаа шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэх нь илүү үр дүнтэй урьдчилан сэргийлэх бодлого болно. Үүнийг олон улсад “кейс” буюу тохиолдол төвтэй урьдчилан сэргийлэх ажил гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хамгийн сайн соён гэгээрүүлэх ажил бол хүмүүст “Хууль зөрчиж болохгүй” гэж хэлэхээс илүүтэй, хууль зөрчих шаардлагагүй буюу хуульд итгэдэг нийгмийг бий болгох явдал юм.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ямар сорилт тулгарч байна вэ. Түүнийг даван туулахын тулд урьдчилан сэргийлэх бодлого, арга ажиллагаанд ямар шинэчлэл хийх шаардлага үүсэж байна вэ? 

-Бодит байдалд гэмт хэрэг буурахад хамгийн хүчтэй нөлөөлдөг зүйлсийн нэг нь шударга ёсны тогтолцоо өөрөө хэрхэн ажиллаж байгаа тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, аливаа хүн хууль зөрчвөл ямар үр дагавар гарах вэ, хохирсон тохиолдолд төр намайг хамгаалж чадах уу гэсэн хоёр асуултын хариуг нийгмээс өдөр бүр авч байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөвхөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх зорилготой биш. Харин хохирогчийн эрхийг хамгаалах, иргэдийн хууль сахиулах болон шүүхийн байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын хууль ёсны байдлыг бэхжүүлэх замаар хүмүүсийг хууль зөрчихөөс татгалзуулах нөлөө үзүүлдэг гэж үздэг. Энд нэг чухал ялгаа бий. Хүмүүс зөвхөн шийтгэлээс айсандаа хууль сахидаггүй. Харин хууль шударга хэрэгждэг, тэдний эрхийг хамгаалдаг гэсэн итгэл үнэмшил чухал. Тиймээс орчин үеийн криминологийн шинжлэх ухаанд эрүүгийн процессыг, нийгмийн итгэлцлийг бий болгодог шударга ёсны тогтолцоо гэж хардаг. Гэхдээ шударга ёсны тогтолцоо ганцаараа ажиллах боломжгүй. Хууль сахиулах, прокурор, шүүхийн байгууллага тус тусын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхийн зэрэгцээ боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Учир нь гэмт хэрэг бол зөвхөн хууль зөрчсөн хүний асуудал биш. Түүний цаана гэр бүлийн орчин, боловсрол, ажил эрхлэлт, сэтгэлзүйн байдал, эдийн засгийн боломж, нийгмийн үйлчилгээний хүртээмж зэрэг олон хүчин зүйл бий. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шударга, шуурхай хариуцлага тооцдог байх, хүмүүсийг гэмт хэрэг рүү түлхэж болох эрсдэлт нөхцөл байдлыг бууруулж, хүн бүрд зөв сонголт хийх боломжийг бий болгох нь чухал. Ингэж байж л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого бодит үр дүнд хүрнэ.

-Манай улсад үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан, нөхцөлд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, эрх зүй, институцийн болон бусад системийн хүчин зүйлс юу байна вэ. Олон улс болон бүс нутгийн түвшинд ямар шалтгаан нөлөөлж байна вэ?

-Гэмт хэрэг өөрөө статик хэлбэртэй, тогтсон үзэгдэл байхаа больсон. Дэлхийн улс төр, эдийн засаг, технологи, нийгмийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр гэмт хэрэг ч мөн адил өөрчлөгдөж байна. Тухайлбал, хил хязгааргүй, өргөн сүлжээнд тархдаг, маш хурдан өөрчлөгддөг үзэгдэл болж хувирсан. Үүний хамгийн тод жишээ нь хар тамхи, хүн худалдаалах, цахим гэмт хэрэг. Эдгээр гэмт хэрэг нь ганц хүний шийдвэрээр бус, эрэлт нийлүүлэлт, зуучлал, санхүүжилт, технологид тулгуурласан сүлжээ хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хууль сахиулах байгууллагын төдийгүй, нийгмийн олон салбартай холбоотой системийн асуудал болж хувирсан. Жишээлбэл, 2008-2023 онд дэлхий даяар илрүүлсэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын тоо 30-134 мянгад хүрч, дөрөв дахин нэмэгдсэн. Энэ нь гэмт хэргийн шинэ хэлбэрүүд ямар хурдтай тэлж байгааг харуулна. Монгол Улсад ч мөн адил энэ өөрчлөлт мэдрэгдэж байна. Нийт гэмт хэргийн 79 хувийг залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, хулгайлах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа төдийгүй сүүлийн таван жилд гэмт хэргийн дундаж өсөлт 3.5, зөрчил дунджаар 9.9 хувиар өсөж,  сүүлийн 10 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 3.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол учирсан. Үүний цаана хувь хүн, хуулийн этгээд, гэр бүл, эдийн засгийн далд хохирол байдаг. Жишээлбэл, ҮСХ-ны судалгаагаар сүүлийн гурван жилд зарим төрлийн гэмт хэргийн хохирогч болсон 10 хүн тутмын 2-3 нь эрх бүхий байгууллагад ханддаг, 7-8 нь ханддаггүй гэх хариултыг өгсөн байна. Гэмт хэргийг мэдээлэхгүй байх шалтгааныг судлах нь магадгүй хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд чухал зорилт байх хэрэгтэй. Түүнчлэн одоогийн шалтгаан хүчин зүйлс хэвээр хадгалагдвал манай улсад гэмт хэрэг жилд дунджаар зургаа орчим хувиар өсөх эрсдэл үүссэн. Ялангуяа цахим, зохион байгуулалттай болон шинэ төрлийн гэмт хэргийн өсөлт илүү мэдрэгдэх төлөвтэй байна. Ийм нөхцөлд гэмт хэрэгтэй тэмцэх арга барилыг “Гарсан хэргийг шийдвэрлэх” хэлбэрээс “Гарах нөхцөлийг нь бууруулах” хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болж байна.

-Гэмт хэргийн эдийн засгийн хор уршиг өндөр байдаг. Энэ талаар урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар төрлийн ажил зохион байгуулж байна вэ? 

-Гэмт хэргийн эдийн засаг гэдэг нь нэг талаас энгийн мэт боловч маш чухал асуултаас эхэлдэг. Хүн яагаад хууль зөрчих шийдвэр гаргадаг вэ гэдэг асуултыг тавиад үзье. Уламжлалт ойлголтоор гэмт хэрэг бол зөвхөн ёс суртахууны асуудал гэж үздэг байсан. Харин эдийн засгийн шинжлэх ухаан өөр өнцгөөс тодорхойлдог. Тодруулбал, хүний шийдвэр гаргалтад ашиг, зардал, эрсдэлийн тооцоо тодорхой хэмжээнд нөлөөлдөг гэж үзсэн. Энэ талаар барууны судлаачдын дунд “0” өртөгтэй хэлцлийн онол, гэмт хэргийн зардал зэрэг шинжлэх ухааны тайлбар түгээмэл байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг зарим тохиолдолд зөвхөн сэтгэл хөдлөл, ёс суртахууны асуудал байхаас гадна хувь хүний сонголт, нийгмийн орчинтой холбоотой системийн шинжтэй шийдвэр байж болохыг эдийн засгийн үүднээс тайлбарлах нь ч бий. Гэхдээ өнөөдөр гэмт хэргийн эдийн засгийн ойлголт зөвхөн гэмт хэрэг үйлдэх хүний сонголтоор хязгаарлагдахаа больсон. Энэ салбарт илүү өргөн хүрээнд нэг асуултыг тавьдаг. Тэр нь гэмт хэрэг нийгэмд ямар үнээр тусаж байна вэ, мөн түүнийг бууруулахад аль бодлого эдийн засгийн хувьд үр дүнтэй вэ гэдэг асуудал.  Энэ хүрээнд нэгдүгээрт, гэмт хэрэгт нөлөөлж буй эдийн засгийн хүчин зүйлсийг судалдаг. Ажилгүйдэл, ядуурал, орлогын ялгаа, боловсролын хүртээмж зэрэг нь хүний сонголтод хэрхэн нөлөөлж байгааг шинжилнэ. Энэ талаар МУИС, СЭЗИС-ийн судлаачид “Гэмт хэргийн эдийн засгийн шалтгаан, хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт судалгаагаа хийсэн бөгөөд гэмт хэргийн шалтгааныг зөвхөн нэг хүчин зүйлээр тайлбарлах боломжгүйг баталж, харин эдийн засгийн нөөц, институцийн чанар болон эрсдэлийн үнэлгээний нийлмэл харилцан үйлчлэл гэж авч үзэх шаардлагатайг харуулсан. Ялангуяа гэмт хэргийн төрлөөс хамааран өөр өөр шалтгаан үйлчилж байгааг эмпирик байдлаар баталсан. Илрүүлэлтийн түвшин болон хорих ялын бодлого нь богино хугацаанд хүчирхийллийн шинжтэй, импульсив гэмт хэрэгт илүү хүчтэй нөлөөлдөг бол эдийн засгийн сэдэл давамгайлсан хулгайлах, залилан мэхлэх гэмт хэрэг нь хөдөлмөрийн зах зээл, орлогын түвшинтэй илүү хүчтэй уялддаг болохыг харуулж байна.

-Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж, ямар үр дүн гарч байна вэ?

-Аймаг, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаанаас харахад уламжлалт сургалт, сурталчилгааны арга хэмжээнээс илүү хамтын ажиллагааны хэлбэрт шилжих байдал ажиглагдаж байна. Тухайлбал, энэ он гараад эхний хагас жилд салбар зөвлөлүүдийн хэрэгжүүлсэн арга хэмжээний 28 хувь нь иргэдийн эрх зүйн боловсрол, сургалт, олон нийтийн нөлөөллийн ажилд, 19 хувь нь хүүхэд хамгаалал, 16 хувь нь байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд нэг чухал өөрчлөлт гарч байгаа нь судалгаа, эрсдэлийн үнэлгээ, орчны аюулгүй байдал, технологийн шийдэлд анхаарах болсон. Санхүүжилтийн хувьд ч мөн энэ өөрчлөлт ажиглагдаж байна. Орон нутаг урьдчилан сэргийлэх төсвийг урт хугацааны үр дүн өгөх дэд бүтэц, технологийн шийдэлд чиглүүлж байна. Нийт санхүүжилтийн 60 орчим хувь нь Камерын хяналтын төв, техник технологийн шинэчлэлд, 18 хувь нь олон нийтийн цагдаа болон иргэдийн оролцоонд суурилсан үйл ажиллагаанд, 15 хувь нь сургалт, соён гэгээрүүлэх ажилд, долоон хувь нь судалгаа, бодлого төлөвлөлтийн ажилд зарцуулагдсан байна. Технологид суурилсан хөрөнгө оруулалтын үр дүн тодорхой харагдаж байна. Тухайлбал, Ховд аймаг камерын системээ шинэчилснээр 1.200 гаруй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, 178 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан бол Сүхбаатар аймаг хяналтын камерын шинэчлэлийн үр дүнд 350 сая төгрөгийн хохиролтой гэмт хэргийг илрүүлсэн. Гэхдээ урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг зөвхөн техник технологийн хөрөнгө оруулалтаар хэмжих боломжгүй. Нийслэлийн дүүргүүд болон зарим аймагт хүүхэд хамгаалал, сургалт, мэдээлэл сурталчилгааны ажилд харьцангуй бага хэмжээний төсөв зарцуулсан боловч олон тооны иргэн, хүүхэд, зорилтот бүлгийг хамруулсан үр дүн гарсан. Мөн Сэлэнгэ, Төв зэрэг олон аймаг криминологийн судалгаанд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн өсөлтийг бууруулах чиглэлээр ахиц гаргасан. Гэхдээ урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулж буй хамтын ажиллагааг хурал, уулзалт, арга хэмжээнээс бодит ажил хэрэг болгож, байгууллагуудын мэдээлэл солилцоо, хамтарсан төлөвлөлт, дунд болон урт хугацааны зорилго, хэрэгжилтийн хяналтын тогтолцоог илүү бэхжүүлэх шаардлагатай байна. Иймээс Ажлын албанаас аймаг, нийслэлийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг илүү уялдуулах, хагас жилийн тайлан, үр дүнд үндэслэн зөвлөмж хүргүүлэх, орон нутагт газар дээр нь ажиллаж, хүндрэлтэй асуудлыг хамтран шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

-Ажлын албанаас хийж, хэрэгжүүлж буй бодлогын шинжтэй ажлуудаасаа бидэнтэй хуваалцана уу. Эдгээр ажлын үр дүн, ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Зөвлөлийн Ажлын албанаас салбар дундын уялдааг хангах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд нь салбар дундын хамтарсан багуудыг мэдээлэл, арга зүйгээр хангах, тодорхой тохиолдол дээр мэргэжлийн зөвлөмж өгөх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр нь бодит үр дүн гаргахын тулд нэгдсэн бодлого, тогтвортой санхүүжилт, тодорхой зорилго, хариуцлагын тогтолцоонд шилжих шаардлагатай. Хэрэв бид гэмт хэрэг гарсны дараа зөвхөн мөрдөн шалгах ажиллагаанд төвлөрөөд байвал асуудлын шалтгааныг бус, зөвхөн үр дагаврыг нь шийдэж байгаа хэрэг болно. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах соёлыг төлөвшүүлэх зорилгоор Ажлын албанаас ДХИС-тай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 100 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, олон улсын шинэ чиг хандлага, нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх арга зүйн талаар хэлэлцэж, бодлого боловсруулах ажилд тусгаж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Зөвлөлийн дарга бөгөөд ХЗДХ-ийн сайд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхтэй. Энэ хүрээнд 2026 оны байдлаар боловсрол, барилга, хот байгуулалт, гэр бүл, хүүхэд, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, санхүү, хууль сахиулах салбарын байгууллагуудад 10 гаруй зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. Эцсийн зорилго нь зөвхөн гэмт хэргийн тоог бууруулах биш. Харин төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшил, нийгмийн бүх оролцогчид нэг зорилготой ажиллаж, гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг нь урьдчилан бууруулах тогтолцоог бий болгох явдал юм. Одоогоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн бүрэлдэхүүнд салбарын яамд, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 37 гишүүн, 21 аймаг болон Нийслэлийн салбар зөвлөл ажиллаж байна. Эдгээр байгууллагад урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтний ажлын байр бий болгож, тухайн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, салбар дундын уялдаа холбоо холбоог өдөр тутам хангаж ажиллах шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх ажлыг олон нийт, гэр бүл, сургууль, ажлын байр, тодорхой газар нутагт зохион байгуулдаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар гэмт халдлагаас өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хуулийн хүрээнд хамгаалах, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох талаар бусдаас шаардах, шуурхай мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх, цагдаа, хуулийн байгууллагатай хуулийн хүрээнд хамтран ажиллаж, туслалцаа үзүүлэх, үр хүүхэд, өөрийн асрамжид байгаа насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх нь иргэний үүрэг байдаг. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдийн эрхийг хамгаалах, насанд хүрэх хүртэл нь амьдралд бэлтгэх, сургах үүрэгтэй. Хүн бүр эрхээ мэдэж, хуулиа дээдлэн дор бүрнээ хариуцлагатай байх, нийгмийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээр урьдчилан сэргийлэх ажилд гар бие оролцох хэрэгтэй байна. Нийгмийн сөрөг үзэгдэл болсон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь бүх нийтийн идэвхтэй үйл хэрэг гэдгийг зориуд тэмдэглэе.