Үндэсний номын баяр энэ сарын 18-20-нд зохион байгуулагдана. Энэ удаагийн баяр 40 дэх удаагаа уншигчидтай уулзаж байгаа бөгөөд Үндэсний номын баяр үүсэж хөгжсөний 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намар зохион байгуулдаг тус баярын үеэр номын үзэсгэлэн, худалдаа, зохиолч, орчуулагчдын уулзалт, шинэ бүтээлийн нээлт, гарын үсгийн өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, уншигч болон уран бүтээлчдийг ойртуулахад чиглэсэн үйл ажиллагаанууд болох юм.

Энэ жилийн баярт гадаадын ном, хэвлэлийн салбарын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Энэтхэгийн “Aazhi” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч Сэнтил Натан, Японы зурагт номын зохиолч Хоса Сачиёо, Ито Хироши, Киргизийн зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Султан Акимович Раев нар Монголд анх удаа хүрэлцэн ирж, уншигчидтай уулзах юм.

Ийнхүү 40 дэх удаагийн Үндэсний номын баяр гурван өдрийн турш үргэлжилж, номын салбарынхан болон уншигчдыг нэг дор цуглуулах юм.