УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.09.14/ хуралдаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газартай холбоотой байр сууриа илэрхийлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг шүүмжиллээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн хэлснээр, Засгийн газраас хэрэгжих боломжгүй төсөв өргөн барьж, батлагдахгүй тохиолдолд хариуцлагыг сөрөг хүчинд үүрүүлэх улс төрийн нөхцөл байдал үүсгэж байна гэж үзэж байгаа аж.
Тэрбээр “тэтгэврийнхэн, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хууран мэхэлж байна” хэмээн байр сууриа илэрхийлээд, төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Ардчилсан намын зүгээс байр сууриа тодорхой илэрхийлсээр ирснийг онцоллоо.
Мөн АН-ын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахын өмнө өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага тавьж ажиллахаар шийдвэрлэснийг О.Цогтгэрэл мэдээлэв.
Түүний үзэж буйгаар, Ерөнхий сайд өөрийн Засгийн газрын бодлогыг парламентын олонхоор дэмжүүлж чадах эсэхээ харуулах шаардлагатай бөгөөд Засгийн газрын гишүүдийн хоорондын харилцаа, кабинетын зарчимтай холбоотой асуудлууд ч үүсээд байгаа аж.
О.Цогтгэрэл мөн Засгийн газрын зарим гишүүнтэй холбоотой ашиг сонирхлын зөрчил болон бусад асуудлыг хөндөж, эдгээр нөхцөл байдал нь Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярих үндэслэл болж байна гэж мэдэгдлээ.
Түүнчлэн АН-ын зүгээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг 43 их наядын төгрөгийн төсвийн тодотголыг хүлээн авсан нь хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар мэдээлэв.
АН-ын дарга О.Цогтгэрэл энэ талаар “Ерөнхий сайдад маш эелдгээр боломж олгож байна” гэв. Тэрбээр, Ерөнхий сайд УИХ-аар өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирж, парламентаар төсвөө батлуулж чадвал Засгийн газар цаашид ажиллах боломжтой. Харин энэ боломжийг ашиглахгүй бол огцруулах албан бичгээ өргөн барина гэдгийг мэдэгдлээ.
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаар намын байр суурийг дэмжинэ
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өмнө нь Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийлж байсан байр сууриа тайлбарлав.
Тэрбээр Н.Учралыг Ерөнхий сайдаар томилогдох үед нь залуу хүний хувьд итгэж, найдаж байгаагаа илэрхийлж байсан бөгөөд уг итгэл үнэмшил нь хэвээр байгааг хэллээ. Мөн Н.Учралын өмнө нь хэлж байсан хариуцлага тооцох асуудлууд хэрхэн шийдэгдсэн талаар асууж, цаашид Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг АН-ын бодлого, байр суурийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.
С.Баярцогт: Бодлогоо олонхиор дэмжүүлж чадвал Засгийн газар цааш явна
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт Монголын төр ард түмний итгэлийг хүлээж ажиллах ёстойг онцлоод, 2026 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотойгоор Үндсэн хуулийн суурь зарчим, кабинетын зарчим алдагдаж байна гэж үзэж буйгаа илэрхийлэв.
Түүний хэлснээр, 2026 оны төсвийн тодотгол нь нэг жилийн дотор 25 хувийн өсөлттэй, хэрэгжих боломжид эргэлзээтэй төсөл болсон байна.
С.Баярцогт “Н.Учралын Засгийн газар боловч Монголын төр. Ард түмнийхээ итгэлийг авахын тулд бодлогоо олонхоор дэмжүүлэх ёстой. Тэгж чадвал энэ Засгийн газар цааш явна, үгүй бол ажиллах боломжгүй гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Ийнхүү АН-ын зүгээс Ерөнхий сайд Н.Учралд УИХ-аар итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх боломж олгож байгаа бөгөөд уг асуудлыг оруулж ирэхгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах асуудлаар цаашид ажиллахаа мэдэгдээд байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!