16 настай Ч.Ш, 32 настай Т.З нарын амийг хөнөөсөн Ц.Дагвадоржид холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өчигдөр хаалттай хянан хэлэлцлээ.

2024 оны зургаадугаар сард насанд хүрээгүй Ч.Ш-гийн амийг хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн бөгөөд үүнээс өмнө Т.З-гийн амийг хөнөөн, цогцсыг нь ханын шүүгээнд нуусан хэрэгт холбогдсон юм. Мөн бусдын эд хөрөнгийг залилсан, устгасан, цахим мэдээллийг хууль бусаар ашигласан болон насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, 486 сая гаруй төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хам хэрэгт холбогдсон Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.

Хохирогч Ч.Ш-гийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гарган өчигдөр хаалттай хуралдсан юм. 

Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлдөх ажиллагаа өчигдөр дуусаагүй тул шийдвэрийг өнөөдөр 10:30 цагт танилцуулахаар мэдэгдээд байна.