АНУ-ын Лос-Анжелес хотноо телевизийн салбарын нэр хүндтэй шагнал болох “Эмми”-г гардуулах 78 дахь удаагийн ёслол болж, Америкийн Телевизийн урлагийн академи өнгөрсөн улирлын шилдэг цуврал, уран бүтээлчдийг тодрууллаа.

Энэ үдшийн хамгийн олон шагналыг "Шилдэг драмын цуврал" төрөлд шалгарсан “The Pitt” хүртсэн бол тус цувралын гол дүрийг бүтээсэн Ноа Уайл “Драмын цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналын эзэн болжээ.

“Шилдэг инээдмийн цуврал” төрөлд “Widow's Bay” кино шалгарсан бол “Шилдэг богино хэмжээний цуврал” төрөлд “DTF St. Louis” олон ангит кино тэргүүлсэн байна.

"Драмын цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг “Pluribus” цувралд бүтээсэн дүрээр Рэй Сихорн  хүртсэн бол тус цувралын зохиолыг бичсэн Винс Гиллиган “Шилдэг зохиол” шагналын эзэн болжээ. Харин “The Diplomat” цувралын дүрээр Эллисон Женни “Драмын цувралын туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ээр шалгарлаа.

"Инээдмийн цувралын гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд “Hacks” цувралд тоглосон Жин Смарт шагнал хүртжээ. Мөн “Widow's Bay” цуврал Стивен Рут, Кейт О’Флинн нарт “Инээдмийн цувралын туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, эмэгтэй жүжигчин” шагналыг авчирсан байна. Харин "Богино хэмжээний цувралын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг “The Beast in Me”  цувралд тоглосон Мэттью Риз хүртжээ.

Хөтлөгч Мариска Харгитей сүүлийн 15 жилийн хугацаанд Эммигийн ёслолыг эхнээс нь дуустал хөтөлсөн анхны эмэгтэй болсон нь энэ удаагийн шагнал гардуулах ёслолын бас нэг онцлог байлаа. 

Эх сурвалж: Монцамэ