АН-ын дарга О.Цогтгэрэл Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн гаргасан “О.Цогтгэрэлийн хамаарал бүхий хоёр хувийн цэцэрлэг улсаас 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан” гэх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар өглөө.
Тэрбээр өөрт нь болон “Тэсо” компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй гэдгийг онцолж, улсын бүртгэлийн мэдээллээр үүнийг шалгах боломжтой гэж мэдэгдэв.
“Байхгүй бизнесийг эхлээд нотлох хэрэгтэй. Хувийн цэцэрлэг байхгүй учраас улсаас нэг ч төгрөгийн санхүүжилт авах үндэслэлгүй” хэмээв.
Түүний тайлбарласнаар, “Тэсо” групп 2012 оноос байгууллагынхаа дэргэд улсын цэцэрлэг ажиллуулах хэлбэрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн Л.Энх-Амгалан 2022 оны зургадугаар сарын 20-нд ТОП-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзах үеэр байгууллагын дэргэд улсын цэцэрлэг ажиллуулах санаачилгыг томоохон аж ахуйн нэгжүүд манлайлах талаар ярьж байсан гэж тэрбээр дурджээ.
Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар улсын цэцэрлэгийн харьяа салбарыг “Тэсо”-гийн дэргэд ажиллуулах зориулалтаар байр худалдан авч, үнэ төлбөргүй ашиглуулсан байна. Үйлдвэрийн байр шилжсэнтэй холбоотойгоор уг үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 322 дугаар улсын цэцэрлэгийн харьяа салбар цэцэрлэгт үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн гэж тайлбарлав.
Тэрбээр эдгээр нь хувийн бус, улсын цэцэрлэг бөгөөд эрхлэгч, багш, ажилтнуудыг төрөөс томилж, санхүүжилт болон данс тооцоо нь улсын цэцэрлэгийн тогтолцоогоор явагддаг.
Харин “Тэсо” группийн зүгээс цэцэрлэгийн байрыг үнэ төлбөргүй ашиглуулснаас гадна цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжихэд нийт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 гаруй сая төгрөгөөр тохижилт, тоног төхөөрөмжийн зардал гаргасан гэж мэдээлэв. Мөн хүүхдийн хоолны аяга, таваг болон шаардлагатай тоног төхөөрөмжийг стандартын дагуу бэлтгэж өгсөн бөгөөд цаашид урсгал зардал, тоглоомын талбайн тохижилт зэрэгт дэмжлэг үзүүлж ирсэн гэв.








ЗАСАГ УНАГАХ ГЭХЭЭС ӨӨР ЗОРИЛГОГҮЙ БУРУУ ҮЗЭЛТЭН ГЭЖ АРД ТҮМЭН ОЙЛГООД АВСАН.