Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсандаа Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Түүний хэлснээр, олон улсын FIDIC гэрээний дагуу олон улсын даатгал, баталгааны байгууллагын баталгаатайгаар төслийн урьдчилгаа төлбөрт 500 тэрбум төгрөг олгосон байна. Мөн ажлыг зогсоогоогүй бол 2026 оны арваннэгдүгээр сард нийт ажлын гүйцэтгэлийг 50 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байсан гэж Х.Нямбаатар мэдэгдлээ.

Харин одоо тус компанийн дансанд байгаа 350 тэрбум төгрөгийг АТГ битүүмжилсэн, үлдсэн 150 тэрбум төгрөгийн бараа материал, техник, тоног төхөөрөмжийг мөн битүүмжилсэн гэв.

"Их засаг" сургуулийн 3.5 тэрбумын дуулиан, ЗГ-ыг огцруулах эсэх дуулианыг дарахын тулд сэдвээ өөрчилж өөрсдийн хөлсний этгээдүүдээр ор үндэсгүй гүтгэлэг хийж буйд харамсаж байна

“Улсын хөгжлийг ухраадаг та нар байгаа цагт улс хөгжихгүй, Зөвхөн нэг хүнтэй тэмцэхийн тулд Улаанбаатарчуудын түгжрэлийг шийдэх байсан Туулын хурдны замыг зогсоож, бах таваа хангаж байгаа эрх баригчдыг олон нийт шүүх өдөр ирнэ" гэлээ.