Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

Энэ хүрээнд прокурорын байгууллагаас Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, олон улсын гэрээ, конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих нөхцөл байдал, байгууллагуудын хамтын ажиллагаа болон урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж гаргасан байна.

Зөвлөмжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Хар тамхитай тэмцэх албатай хамтран тавдугаар сарын 13-ны өдөр зөвлөгөөн зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг дээшлүүлэх, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, үр дүнг улирал бүр тооцон ажиллажээ.

Дээрх зохион байгуулалтын арга хэмжээний үр дүнд 2026 оны есдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн:

  • 20.7 дугаар зүйл буюу “Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах”;

  • 20.8 дугаар зүйл буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах”

гэмт хэрэгт нийт 398 хүнийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Үүнээс 270 хүнд холбогдох 184 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 33 хувиар өссөн байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 398 хүний:

  • 52 хувь нь 18-30 насныхан;

  • 44 хувь нь 31-44 насныхан;

  • 15 хувь нь эмэгтэйчүүд байна.

Тоон мэдээллээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдож буй хүмүүсийн дийлэнх хувийг залуу болон хөдөлмөрийн насны иргэд эзэлж байгаа бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа залуучуудын дунд мансууруулах бодисын хор нөлөө, хууль эрх зүйн үр дагаврын талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.