Японы зүүн хэсгийг дайрсан “Дүжуан” хар салхины улмаас Кантогийн бүс нутагт рекорд хэмжээний хур тунадас орж, хөрсний гулгалт болон үер буусны улмаас Чиба, Канагава мужид их хэмжээний хохирол учирчээ.
Хар салхины улмаас Чиба мужид долоо, Канагава мужид дөрвөн хүн амиа алдсан байна. Хамгийн сүүлд Канагава мужийн Йокосүка хотод хөрсний гулгалтад өртсөн 70 гаруй насны эмэгтэйн цогцсыг олж, нас барсныг нь тогтоосноор амиа алдсан хүний тоо 11 болжээ. Одоогоор гурван хүн сураггүй байгаа бөгөөд цагдаа болон аврах албаныхан эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
“Дүжуан” хар салхи есдүгээр сарын 21-22-нд Японы зүүн хэсгийг дайран өнгөрөх үеэр Кантогийн бүс нутагт богино хугацаанд маш их хэмжээний хур тунадас оржээ. Зарим газарт 48 цагийн хугацаанд 800 гаруй миллиметр хур тунадас бүртгэгдсэн байна.
Хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, гол мөрөн үерлэн, Чиба болон Канагава мужид нийт 1,000 орчим барилга эвдэрч, гэмтэж, усанд автжээ.
Мөн есдүгээр сарын 25-ны өглөөний байдлаар хоёр мужид нийт 11,790 орчим өрх цахилгаангүй хэвээр байна. Цагдаа, аврах албаныхан сураггүй болсон иргэдийг эрэн хайхын зэрэгцээ үерт автсан болон хөрсний гулгалтад өртсөн бүс нутгийн иргэдэд тусламж үзүүлж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!