“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэх нэрийдлээр иргэдийг төөрөгдүүлж, хуурч мэхлэх замаар залилангийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэр бүлийн хамаарал бүхий О, М нарыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Улмаар холбогдох этгээдүүдэд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн нэг сарын хугацаанд энэ төрлийн 94 гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө, уул уурхайн лиценз болон бусад үнэ цэнтэй хөрөнгө худалдан авахдаа тухайн хөрөнгийн мэдээлэл, холбогдох баримт бичгийн үнэн зөвийг сайтар нягтлахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Мөн баталгаагүй эх сурвалж, зар мэдээлэлд итгэн урьдчилгаа болон бусад төлбөр нэрээр мөнгө шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Иргэд аливаа худалдан авалт хийхдээ гэрчилгээ, зөвшөөрөл, өмчлөх эрх болон холбогдох мэдээллийг эрх бүхий байгууллагаас шалгаж, эргэлзээтэй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандах шаардлагатай юм.