Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр, өнгөрсөн шөнө орсон цасны улмаас өнөөдөр 07:00-10:00 цагийн хооронд 200 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.Отгонтамир мэдээлэхдээ:

“Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар өвлийн дугуйгаа солиогүйтэй холбоотой байна. Зарим жолооч дөрвөн улирлын дугуйтай учраас өвлийн дугуй авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч манай орны цаг агаар, замын нөхцөлд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй” гэв.

Мөн өнгөрсөн шөнө ихэнх аймагт цас орсон тул холын замд зорчих жолооч нар, ялангуяа даваа гүвээгээр зорчих үедээ замын нөхцөлд тохируулан хурдаа сонгох, аюулгүй байдлаа хангахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Түүнчлэн жолооч нарыг өвлийн дугуйгаа солих, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цас мөстэй замд анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.