Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ.
Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн.
Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыгтус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна.
Банкны хувьд мод тарих нь зөвхөн тоо нэмэгдүүлэх ажил бус, тарьсан модоо ургуулж, амьдрах чадварыг нь хангах урт хугацааны үйл явц гэж үздэг. Тиймээс тарьсан мод бүрийг хөрсөндөө бүрэн дасан зохицох хүртэл нь мэргэжлийн арчилгаа, усалгаагаар хангаж, цаашид тогтвортой ургах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилдаг.
Энэхүү зорилтын хүрээнд ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлж, салбар нэгж бүр нутаг дэвсгэрийнхээ онцлогт тохирсон мод тарих, тарьсан модоо тогтмол арчлан ургуулах ажлыг үргэлжлүүлнэ. Мод бүр ирээдүйд бий болох ногоон орчны нэг хэсэг билээ. Өнөөдөр тарьсан мод маргаашийн цэвэр агаар, эрүүл орчин, хойч үедээ үлдээх ногоон өв болон ургана.
Тиймээс Төрийн банкны зүгээс нийт ажилтан, харилцагч, иргэд, олон нийтийг байгаль эхээ хайрлан хамгаалах, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо тогтмол арчилж, ургуулан төлжүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Итгэл төгс Ногоон ирээдүй








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!