Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Б.Пүрэвдагва: "Өнөөдрийн байдлаар 8575 айлын орон сууц баригдаж байна. 2027 оны дөрөвдүгээр сард эхний блокууд ашиглалтад орж, борлуулалт эхэлнэ. Иргэддээ таатай, боломжийн үнээр борлуулахын тулд одоогоор санхүүгийн модель дээр нь ажиллаж байна.
Тодруулбал, байр ашиглалтад орсноор нэг мвк нь 3.7-3.9 сая төгрөгийн үнэ яригдаж байгаа боловч “Сэлбэ ухаалаг хот” төслийн хувьд 5.5 сая төгрөгөөр зарж байж зардлаа нөхөхөөр байгаа. Тиймээс байрны үнийг илүү хямд байх арга замыг хайж байгаа. Ерөнхийдөө 3-4 хувилбарыг боловсруулсан байна. Эцэслээд иргэддээ зарлана, 5.5 сая төгрөгөөр зарахгүй. Сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, зам, ногоон байгууламж гээд цогц бүтээн байгуулалт болно.
Дүүжин тээврийн туршилт эхэлж өнөөдрийн байдлаар хүн суулгахгүйгээр элс зэрэг бүтээгдэхүүн тавьж даацын туршилтыг хийж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын 15-наас ашиглалтад бүрэн оруулж, зорчигчдоо хүлээн авна. Үнийн тухайд 1500-2000 төгрөг байхаар тооцоолсон, 98 кабин бэлэн байгаа.
Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хийж байна. Зарим хүмүүс "Хэн Яармагаас-Хархорин явах юм" гэж байна. Хархориноос хотын төв орох нийтийн тээврийг холбоно. Энэ трасс амжилттай байвал дараагийн холболтын төлөвлөлтийг хийнэ. Ирэх жил их багтаамжийн хоёр төслийг эхлүүлэх гээд газар шорооны ажлыг эхлүүлээд байна.
ТЭЦ V барьснаар дараагийн орон сууцны төслийг эхлүүлэх суурийг тавьж байгаа юм. Дэд бүтцээ гэр хороолол руу оруулснаар гэр хорооллыг барилгажуулна. Дээрээс нь Эрчим хүчний хувьд байнга дутагдалтай байгаа. 170 МВт дутагдалтай, оргил үедээ 2170 МВт хэрэглэж, шөнөдөө 1000 МВт хэрэглэж байгаа. Тиймээс энэ зөрүүг арилгахын тулд 5-10 МВт-ын жижиг баттерей хураагуурыг гэр хороололд тавина. Цаашлаад гэр хороололд байгаа 219 мянган янданг цахилгаан эх үүсвэрээр халаах хувилбар дээр тооцоолол хийж байгаа.
Энэ өвөл 6000-10000 айлд дулаан хураагуурыг цахилгаан эх үүсвэрээр халаадаг технологийг туршина. Мөн 5000 айлыг хийн зуухан шилжүүлсэн. Гэсэн ч өртөг маш өндөр байна. Зөвхөн хийн зуухан 6.5 сая дээрээс нь газ. Энэ бол зардал өндөр учраас удаан явах төсөл биш. Тиймээс илүү хямд өртөгөөр үр ашигтай байх хувилбарыг хайна. Мөн томоохон төслөө яаралтай хийж дуусгах шаардлагатай байна” гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!